БНСУ, АНУ, Япон тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-07 11:19:29

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул заналыг сөрөн зогсох зорилгоор БНСУ, АНУ, Япон пүрэв гарагт Япон тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийлээ гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.


АНУ-ын нисэх онгоц тээгч “Ronald Reagan” хөлөг онгоцыг оролцуулсан сургууль нь БНАСАУ ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харваснаас хэдхэн цагийн дараа эхэлсэн гэж Штабуудын дарга нарын хорооноос мэдээлсэн байна.


Энэхүү сургуульд хэд хэдэн байлдааны хөлөг онгоц, түүний дунд БНСУ-ын эскадрын мина тээгч “Их Сэжон хаан” хөлөг онгоц, АНУ-ын “USS Benfold” эскадрын мина тээгч болон “USS Ronald Reagan” хөлөг онгоц, мөн Японы эскадрын мина тээгч “Чокай” хөлөг онгоц оролцжээ.


Талууд БНАСАУ баллистик пуужин харвах хувилбаруудыг тооцоолон мэдээллийг хуваалцах замаар тэдгээрийг илрүүлэх, хянах, таслан зогсоох тактик боловсруулсан гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.


Эдгээр гурван орон есдүгээр сарын 30-нд мөн цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг оролцуулсан тэнгисийн цэргийн сургуулилалтыг Япон тэнгист хийсэн юм. Уг хөлөг онгоцыг БНАСАУ Японы дээгүүр дунд зайн тусгалт баллистик пуужин харваснаас нэг хоногийн дараа тэнгист дахин байршуулжээ. 

Холбоотой мэдээ