НҮБ-ын тэргүүн Тайландад болсон халдлагыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-07 14:37:28

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Тайландын зүүн хойд нутгийн хүүхэд харах төвд болсон аймшигт халдлагын талаар сонсоод ихэд цочирдож, эмгэнэн гашуудаж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ.


“Ерөнхий нарийн бичгийн дарга хохирогчдын ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, шархадсан хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэн” гэдгийг хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилсан байна.


Тайландын зүүн хойд нутгийн Нонгбуалампху муж дахь хүүхэд харах төвд болсон халдлагын улмаас 38 хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь цагдаагийн ажилтан асан байсан бөгөөд хожим нь амиа егүүтгэсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.


Пүрэв гарагт болсон аймшигт халдлагыг НҮБ-ын олон агентлаг эрс зэмлэн буруушаажээ. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн эсрэг ямар ч хэлбэрийн хүчирхийллийг зэмлэн буруушаадаг гэдгээ цохон тэмдэглээд, “ахин ганц ч хүүхэд хаана ч, хэзээ ч хүчирхийллийн бай, золиос бүү болоосой” гэж мэдэгдсэн байна.


“НҮБ-ын Хүүхдийн сан хайртай дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Бид Тайландын ард түмэнтэй хамт эмгэнэн гашуудаж байгаа бөгөөд халдлагын хохирогчдод зохих дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Мөн тус агентлаг хүүхдүүд, хохирогчдын ар гэрийнхэн, хайртай дотны хүмүүст цаашид сөргөөр нөлөөлж болзошгүй тул болсон хэрэг явдалтай холбоотой гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтлэн түгээхээс аль болох зайлсхийхийг олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүссэн байна.


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага мөн хохирогчдын ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ. Тус байгууллагын Бангкок дахь товчооны мэдэгдэлд, "сургууль, сурагч, сурган хүмүүжүүлэгчид халдах нь сурч боловсрох эрхэд халдаж байгаагаас өөрцгүй" болохыг цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ