Холбооны шүүгч Монголд нээлттэй, ил тод шүүхийн үйл ажиллагааг таниулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-11 11:32:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Бинн нээлттэй, хараат бус, ил тод шүүхийн үйл ажиллагаа болон олон нийттэй харилцах туршлагаасаа хуваалцаж байна.


АНУ-ын ЭСЯ, Монголын Шүүгчдийн холбооны урилгаар энэ сарын 2-13-нд манай улсад ажиллаж буй тэрбээр өнөөдөр “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэгт оролцов.


Шүүхийн сахилгын хорооны гишүүд, шүүгч, судалгааны баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл гээд 60 гаруй хүн оролцсон хэлэлцүүлгийн үеэр сүүлийн жилүүдэд шүүгчийн нэр хүндэд халдах, эх сурвалж тодорхойгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацах, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг ашиглан буруу ойлголт төрүүлэх зэрэг олон шүүгчийг сөргөөр харуулах хандлага ихсэж байгаа. Сургаар шүүх эрх мэдлийг төсөөлдөг байдлыг шүүх нь ил тод, ойлгомжтой, нээлттэй, шийдвэрээ олон нийтэд танилцуулдаг болсноор өөрчилнө гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.


“Шүүгч ба олон нийт нь шүүх эрх мэдлийн салбарын амин чухал, хүрэх ёстой тулгуур цэг” гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тус хэлэлцүүлгийн эхэнд онцлов. Тэрбээр ярихдаа, “Монгол Улс 1924 оноос нийтийн засаглалд шилжсэн. Үндсэн хуультай байсан ч 1992 онд ардчилсан засаглалд шилжин, шинэ Үндсэн хуулиа баталсан үеэс шүүхийн салбар агуулгаараа хөгжиж эхэлсэн гэхэд буруудахгүй. Богино хугацаанд багагүй амжилтад хүрсэн салбарынхан 2030 он хүртэл тогтвортой, хяналттай засаглалыг бүрдүүлнэ гэж зорилтоо тодорхойлсон. Шүүх үйл ажиллагаа иргэдэд чиглэсэн, нээлттэй, ойлгомжтой байх ёстой. Харин 2040 он хүртэл иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болж, 2050 он хүртэл урт хугацаанд хариуцлагатай иргэн төвтэй шүүх төлөвшинө гэж зорьж байгаа. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд тайлбарлаж таниулдаг болно” хэмээв.


“АНУ, Монгол Улс нь ижил ардчилсан үнэт зүйлтэй орон юм. Иймээс хүн хоорондын харилцааг хөгжүүлэх зорилготой байдаг. АНУ-ын санхүүжилтээр “Оpen world” хөтөлбөрийн хүрээнд Монголоос сургалтад хамрагдсан хуульчид олон” гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мэтью Фэрэнс тэмдэглэлээ.


Хөтөлбөр нь шүүхийн мэргэжилтнүүдийн бүтээлч яриа хэлэлцээг дэмжих зорилгоор АНУ, Монгол Улсын Засгийн газруудын хамтарсан хүчин чармайлт гэдгийг Жэймс Бинн дурдсан юм.


Шүүхийн үйл ажиллагаа онцлогийг олон нийтэд таниулах, сайн туршлагаас суралцах, цахим орчинд шүүгчийн хувийн, ажил хэргийн нэр хүндийг гутааж буй мэдээлэлд ямар байдлаар ханддагийг суралцах хөтөлбөр хэрэгжүүлснээр АНУ-ын шүүх, шүүгчдийн туршлагыг судалж, манай улсын шүүгчдийн мэдлэг боловсрол, хувь хүний хандлага, хөгжилд эерэг нөлөө гарна. Мөн шүүгийн ур чадварт тодорхой ахиц гарч, Монголын шүүгчдийн холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэх, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн ажилд дэм болохыг Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл хэлж байлаа.



Жэймс Бинн Монголд ажиллахдаа Шүүхийн сахилгын хороо, Монголын Шүүгчдийн холбоо, Эрүүгийн хэргийн шүүх, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, Шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн ил тод, хараат бус байдлын тухай ярилцан, шүүх байгууллагын олон нийттэй харилцах туршлагаас хуваалцаж байна. Тухайлбал, “Шүүгч олон нийттэй харилцах байдал, хандлагыг нээлттэй болгох нь” сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр шүүгч олон нийттэй харилцах арга барилд суралцах, шуугиан тарьсан, олны анхааралд өртсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг танилцуулах, ойлгуулах, хэргийн оролцогч, нийгмээс ирж буй дайралт, зүй бус дарамтыг даван туулах, энэ төрлийн халдлагад өртөхөөс сэргийлэх, энэ тохиолдолд байр сууриа хэрхэн илэрхийлэх болон шүүгч хүн иргэнийхээ хувьд эрхээ хязгаарлуулахгүйгээр шүүн таслах үйл ажиллагааг хэрхэн амжилттай хэрэгжүүлдэг тухай АНУ-ын шүүгч нарын сайн туршлагыг танилцуулж сонирхууллаа.


Мөн “Шүүгчид олон нийттэй харилцахад тулгамдаж буй сорилтууд” дугуй ширээний ярилцлагаас гадна “Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улс, ХБНГУ, Япон, БНСУ, Сингапурын шүүгч, судлаачдын хамт оролцож, Дээд шүүхийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлагын талаар санал бодлоо хуваалцжээ.


Түүнийг Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд АНУ-ын Давж заалдах шатны 4 дүгээр тойргийн шүүгчээр томилж, 2010 онд Сенат батламжилжээ. Холбооны шүүгч болохоос өмнө 20 жилийн хугацаанд Хойд Каролина мужийн Давж заалдах шатны шүүхэд, Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд Америкийн хуульчдын холбооны Хүний эрхийн төвийг даргалж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын томилолтоор АНУ-ын Шүүхийн бага хурлын Мэдээллийн технологийн хороонд бүртгэлтэй байдаг аж.


 

Холбоотой мэдээ