Газрын тосны салбарт АНЭУ-ын туршлагаас суралцах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-14 18:43:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын VI дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ энэ сарын 12-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуитэй уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.


Уулзалтын үеэр талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэмдэглээд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцов.


Шадар сайд С.Амарсайхан АНЭУ-тай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт болон бусад салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн Монгол Улсын хувьд харьцангуй шинэ чиглэл болох газрын тосны салбарт АНЭУ-ын арвин туршлагаас суралцах, мөн мах бэлтгэх халал стандартыг нэвтрүүлж байгаа тул мах нийлүүлэх өргөн боломж байгааг илэрхийлж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.


АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуи хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлж, эхний ээлжид 2-3 тодорхой хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдэв.

Холбоотой мэдээ