Б.Гейтсийн сан дэлхий даяар халдварт сааг устгахад 1.2 тэрбум ам.доллар зориулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /AP/. “Билл, Мелинда Гейтсийн сан” дэлхий даяар халдварт
саа өвчнийг устгахад 1.2 тэрбум ам.долларыг зориулна гэдгээ ням гарагт мэдэгдлээ.
Тодруулбал,
Халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах санаачилгын стратегийг хэрэгжүүлэхэд 2026
он хүртэл зориулах бөгөөд энэхүү санаачилга нь сүүлийн хоёр эндемик орон болох Пакистан,
Афганистанд полио вирусийг устгахаар ажиллаж байгаа юм.
Мөн тус сангийн санхүүжилтийг
вирусний шинэ хувилбаруудын тархалтыг зогсооход ашиглах ажээ. Энэ талаар
Германы нийслэл Берлин хотноо ням гарагт болсон Эрүүл мэндийн асуудлаарх
дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
“Билл, Мелинда
Гейтсийн сан”-гийн цахим хуудсанд мэдээлснээр, сан халдварт сааг устгах
санаачилгад 5 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг зориулжээ. Тус санаачилгын
хүрээнд халдварт саагийн эсрэг кампанит ажлыг өргөн хүрээний эрүүл мэндийн
үйлчилгээнд нэгтгэж, полио вирусний шинэ вакцины хэрэглээг өргөжүүлэхийг зорьж
байна.
Үүний зэрэгцээ улс
орнуудын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд
ингэснээр ирээдүйд нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй аюулд илүү сайн
бэлтгэлтэй байх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
“Халдварт сааг
устгах сүүлийн алхмууд хамгийн хэцүү нь байх болно. Гэвч манай сан халдварт саагаас ангижирсан ирээдүйг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд ийм цаг удахгүй ирнэ гэдэгт бид
итгэлтэй байна” гэж “Билл, Мелинда Гейтсийн сан”-гийн гүйцэтгэх захирал Марк
Сузман цохон тэмдэглэжээ.
Халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах санаачилга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “Билл, Мелинда Гейтсийн сан”,
Ротари Интернэшнл, АНУ-ын
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв болон засгийн газруудын тэргүүлсэн
төр, хувийн хэвшлийн түншлэл юм.