Газрын тухай хуулиудын төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-17 11:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар товын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

 

Нэг.Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Салбарын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, бэхжүүлэх, төрийн өмчийн газар ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжуулж салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг оновчтой, зөв, хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагыг бүрэн хангах зорилт тавьж боловсруулсан байна.

 

Хоёр.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газар өмчлөх эрхийн олголт, бүртгэл, хяналт хийх, иргэн өмчийн газраа бусдад ашиглуулах, уг эрхээ газрын бусад эрхээр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх, иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалтуудыг Газрын ерөнхий хуулийн үзэл баримтлалтай уялдуулан шинэчлэн боловсруулсан.

 

Гурав.Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, Кадастрын олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйлчилгээ, үйл ажиллагаагаар хуульчилж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан.


Дөрөв.Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, зөвхөн газрын төлбөр ногдуулах төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээс гадна хөнгөлөх, төлөвлөх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг тодорхойлж, төлбөр төлөгчийг мэдээллийн санд бүрэн бүртгэснээр газрын төлбөрийн бааз суурийг өргөтгөх, төлбөр хураалтыг сайжруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх явдлыг зогсоох, цахим мэдээллийн системийг ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан.


Тав.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төслийн талаар, Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаатай уялдуулан улсын тусгай бол нийгмийн зайлшгүй хэрэгжсэн ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн эзэмшил, ашиглалт байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна. Иймд газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасан аж.


Энэ үеэр УИХ-ын гишүүдээс Улаанбаатарт газрын, аймаг, сумдын түвшинд хилийн цэсийн болоод бэлчээрийн маргаан газар авч, тэр дундаас иргэд хохирч байна. Тийм атал үндсэн бэрхшээлийг арилгахад хуулиа чиглүүлэх байтал удирдлагын түвшний асуудлыг түлхүү тусгасан байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ