ӨВӨРХАНГАЙ: Томуугийн алаг цоог дэгдэлтийн түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-29 12:37:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 10 мянган хүн ам тутамд 48.9 хувьтай байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвар 4.6 хувьтай, алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа юм.


6564 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 7.3 хувьд томуу, томуу төст өвчлөл байгаа нь өнгөрөгч долоо хоногоос 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна.

Томуу, томуу төст өвчлөлийн 90.6 хувийг 16 хүртэлх насныхан эзэлж байгаагаас 5 хүртэлх насныхны өвчлөл 75 хувьтай байна. Аймгийн БОЭТ болон Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 262 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14.8 хувь буюу 54 хүн амьсгалын замын цочмог халдвараар эмчлүүлжээ.


Аймгийн хэмжээнд ковидын халдвараар Өвөрхангай аймагт 20 гаруй хүн бүртгэгдсэнээс Есөнзүйл суманд 13, Арвайхээр суманд дөрөв, Гучин-Ус суманд хоёр, Богд суманд нэг халдвар тус тус бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд ковидын түргэвчилсэн 151, PСR 19 шинжилгээг хийхэд нэг эерэг тохиолдол батлагджээ.

Одоогоор сургуулийн ирц 96, цэцэрлэгийн ирц 64 хувьтай хичээллэж байна. 

Холбоотой мэдээ