Цахилгаан, эрчим хүчний ачаалал 1467 мВт-д хүрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-20 12:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан, эрчим хүч, дулааны өвлийн оргил үеийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга Э.Түвшинчулуунаас тодруулав.


-Эрчим хүчний ачаалал өнөөдрийн байдлаар ямар нөхцөлд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүчний хамгийн оргил ачаалал 1467 мВт-д хүрээд байна. Энэ нь суурилагдсан хүчин чадлын буюу үйлдвэрлэж буй цахилгаан, эрчим хүчний хамгийн дээд үзүүлэлт болоод байна гэсэн үг юм. Үүнээс давсан байдал гараагүй. Үүнээс дээш нөөц боломж ч байхгүй. Цахилгаан, эрчим хүчний оргил ачаалал 17.00-22.00 цагийн хооронд үүсдэг. Энэ үед дутаж буй цахилгаан, эрчм хүчээ бид ОХУ-аас авч байгаа. 




Ямар ч байсан энэ өвөл эрчим хүчний салбарын 15-16 мянган ажилтан, ажилчид бэлтгэлээ ханган хэрэглэгч нараа эрчим хүчээр тасалдуулалгүй байх үндсэн үүргээ биелүүлж ажиллаж байна гэж үзэж байгаа. Харин цаашдаа, дараа дараагийн өвөл хэрэглээ өсөөд буй өнөөгийн нөхцөлд хэрэглэгчдээ цахилгаан, дулаан, эрчим хүчээр хэрхэн хангах гэдэг үнэхээр тулсан, хүндрэлтэй асуудал хэвээрээ байгаа.

-Цахилгаан, эрчим хүч, дулааны үнийг өнгөрсөн оноос нэмсэн. Ингэснээр орлого, нөхцөл байдал хэр өөрчлөгдөж, төлөлт хэр байна вэ?

-Цахилгаан, эрчим хүчний хэрэглээний төлөлт одоогийн байдлаар харьцангуй гайгүй байна. Гэхдээ орлого төвлөрүүлэлт өнгөрсөн оныхоос жаахан буурсан дүн харагдаж байгаа. Мэргэжлийн байгууллагууд орлогоо төвлөрүүлэх дээр тодорхой зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Энд давтахад цахилгаан, эрчим хүч, дулааны үнийг өрхийн хэрэглээнд нэмээгүй, ААН-ийн хүрээнд тодорхой үе шаттай нэмснийг хэлье.




Тодруулга: Эрчим хүчний хэрэглээ манай улсад улсын хэмжээнд жил бүр 7-8 хувь өссөөр байна. Өнөөдрийн байгаа эрчим хүчний эх үүсвэр нь хүчин чадлаа бүрэн хангаж чадахгүй байгаагаас дутагдалд орсоор байна. Ийм нөхцөлд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх боломжгүй, ийм шаардлага байгаа юм уу гэсэн нийгмийн хандлагад судалгаа хийх хэрэгтэй байгааг ЭХЗХ-ноос мэдэгдэж байна. Энэ талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг дуулгалаа.


 

Холбоотой мэдээ