Импортлогч нар Монголоос шүүслэг, зөөлөн мах авах захиалга ирүүлдэг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-28 19:29:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн оны сүүлийн байдлаар нийт 50.6 сая ам.долларын махны экспорт хийжээ. Үүнээс:

  • Казахстан улсад адууны мах 2300 тонныг гаргасан нь мөнгөн дүнгээр  7.1 сая ам.доллар,
  • адууны махны нийт 21 сая ам.долларын экспорт хийжээ.
  • Хонь, ямааны түүхий махыг гаргаснаар 11 сая ам.долларын худалдаа хийгджээ.
  • Үхрийн махны экспорт 463 мянган ам.доллар болж,
  • Дайвар бүтээгдэхүүн 205 мянган тонныг гаргажээ.
  • Дулааны аргаар боловсруулсан махны экспорт 17 сая 236 мянган ам.доллар болжээ.

Манай улсын малын тоо хамгийн сүүлийн тооллогоор 71.1 саяд хүрсэн. Малын тоо сүүлийн 3-5 жилд 3.8 хувиар өсжээ. Тэгвэл экспортод өнгөрсөн онд 16.1 мянган тонн мах гаргасан. Дотооддоо эдийн засгийн эргэлтэд оруулах болон экспортод гаргах малын тоо өсөөгүй ирсэн байна.


Дэлхийн махны зах зээлд жилд 30 гаруй тэрбум ам.доллартой тэнцэх худалдаа хийдэг байна. Монгол Улс дээрх зах зээлийн дөнгөж 0.3 хувийг хангадаг байна.


Манай улсын махны дотоодын хэрэгцээ жилийн 120 мянган тонн байдаг тооцоо гарчээ. Гэхдээ энэ нь сүүлийн жилүүдэд бодит хэрэглээ 2.8 дахин өсөөд буйг салбарын яамнаас мэдээлж байна. Хэрэгцээ, хэрэглээ хоёр дээр 120-150 мянган тонн махны зөрүү гарчээ.



Монгол Улсын махны экспорт хоёр хөршөөс гадна Ойрхи Дорнод болон Зүүн өмнөд Азийн орнууд руу чиглэж байна. Гадаадаас зөөлөн, шүүслэг махны захиалга их ирэх болсныг "Махны форум"-д оролцсон мах экспортлогч ААН-ийн төлөөлөл хэлж байв.


Энэ нь манай улсын экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн цааш ямар зориулалтаар гарч хэрэглэж буй талаар судлах шаардлагатайг харуулж буйг мэргэжилтнүүд хэлж байна.


Манай улс 2016 онд 80 мянган тонн мах экспортолж байсны 80 хувь нь дулааны аргаар боловсруулсан байжээ. Үүнийг хөлдөөсөн маханд шилжүүлвэл 100 мянган тонн болдог аж. Тэгвэл 2020-2021 онд 8-11 мянган тонн болж буурчээ. Үүнийг дэлхий нийтийн ковидын хорио, хязгаарлалттай холбож буй ч хязгаартай квот тогтоож буй, экспортлох малын эрүүл бүс байгуулах зэрэг дотоод дахь хүчин зүйлүүдээс мөн хамаарах хэрэгтэйг Монгол Махны холбооны гишүүн ААН-үүдийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүд хэлж байна. 


Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны 03 дугаар зөвлөмжөөр үхрийн түүхий мах 8 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5 мянган тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. 


Хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцөд зориулан Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолоор нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч ААН-үүдэд 130 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар мах бэлтгэгч 12 ААН-д ХААН, Худалдаа хөгжлийн банкуудаар 53.3 тэрбум төгрөг олгоод байна. Харин аймгуудаас ирүүлсэн мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Холбоотой мэдээ