СҮХБААТАР: Д.Сүхбаатар жанжинтай холбон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-02-03 10:30:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын орон нутаг судлах музей 1978 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болж, дөрвөн танхимтайгаар байгуулж байжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд байгаа Жанжны нэрэмжит ганц музей юм.

Тус музейг жилд 1000 орчим иргэн үзэж сонирхдог. Үүний дийлэнх хувийг гадны аялагч жуулчид эзэлдэг байна. Тиймээс орон нутгийн онцлогоо ашиглан, Д.Сүхбаатар жанжинтай холбогдуулан аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж бий.


Энэ талаар сэтгүүлч түүхч, СГЗ Г.Бадамсамбуу хэлэхдээ, 20 дугаар зууны хамгийн алдартай хүн бол яалт ч үгүй Д.Сүхбаатар мөн. Тухайн үед Д.Сүхбаатар гэдэг нэрийг мэдэхгүй хүн байгаагүй. Үүнийгээ дагаад маш их мэдээлэл, суурь байна гэсэн үг. Тиймээс энэ хүнтэй холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж, давуу тал ганц энэ аймаг, сум төдийгүй Монгол Улсад бий.

Ер нь нэг хүн дээр суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манайд илүү боломжтой. Д.Сүхбаатар гэж яг хэн бэ, түүний өлгий нутаг, яагаад ийм ер бусын алдартай байв гээд үүх түүх, үйл хэргийг нь сонирхсон хүн их байдаг. Хуучин цагт ч өнөө цагт ч ийм сонирхол байсаар байна. Ялангуяа гадаадад байгаа монгол угсаатнууд жанжны түүхийг их сонирхдог, тэр хэрээрээ судалсан байдаг. Өвөрмонгол, буриад зэрэг үндэстнүүд жанжны нутагт очих юмсан, тэр түүх дурсгалыг нь нүдээрээ харах юмсан гэсэн бодлыг их тээж явдаг юм билээ. Тэгэхээр энэ бүхэн дээр тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, чиглэл болгон ажиллах нь хамгийн зөв гэлээ.


Энэ онд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний түүхт 130 жилийн ой тохиож буй. Жанжны өлгий нутаг Сүхбаатар сумынхан энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Угсаатны зүйн музейтэй хамтран “Жанжны бахархал” үзэсгэлэнг дэглэн хоёр дахь өдрөө олонд танилцуулж байна. Үзэсгэлэнд жанжны эдэлж хэрэглэж байсан болон түүнтэй холбогдох зургаан төрлийн 150 гаруй үзмэрийг дэлгэжээ.


Ташуур, сэлмийн гэр, хөөргийн даалин, бууны гэр, төмөр гав, хүрз зэргээс гадна жанжны хөрөг болон гэрэл зургууд, өмсөж байсан хувцас хэрэгслийг дэлгэснээс гадна уг үзэсгэлэнд зориулж иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа Д.Сүхбаатартай холбогдох тэмдэг, маркийг цуглуулж дэглэснээрээ ихээхэн онцлог. Сумын орон нутаг судлах танхимтай хамтран анх удаа үзэсгэлэн дэглэж байна гэдгийг аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр хэллээ. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.    

 

Холбоотой мэдээ