СҮХБААТАР: Д.Амараа: Хүн чулуудын хөргөөр байгальд, задгай үзэсгэлэн гаргах мөрөөдлөө удахгүй биелүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-02-07 12:06:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүн чулуун хөшөөдийн хөргийг буулгагч гэрэл зурагчин. Ингэж хэлбэл гэрэл зураг сонирхогчид хэнийг нэрлэж буйг шууд гадарлах нь лав. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, чөлөөт уран бүтээлч Дашзэвэгийн Амараа. Зураач мэргэжлээ зурагчинтай хослуулж яваа түүний буулгасан сүүдэр болгон өөр өөрийн утга агуулгатай. Эх орныхоо өв соёл, түүх, ёс заншлыг өөрийн зургаараа олонд түгээдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хун чулуудын зургийг түлхүү авах болсон. Сүхбаатар аймаг бол хүн чулуудын өлгий нутаг. Ямар нэг алсын бодолтой, үүнд ач холбогдол өгч яваа байх. Тиймээс түүний бодлыг жаахан ч атугай уудалж, хуваалцахыг хүссэн юм.



-Таныг гэрэл зурагчин гэдгээр олон хүн мэднэ. Гэрэл зурагчид л ямар нэг сэдэвт баригддаггүй. Гэхдээ таны тухайд сүүлийн жилүүдэд хүн чулуун хөргүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа. Яагаад?

-Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би 1993 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Гэрэл зургийн хувьд миний мэргэжилд ойр. 2012 оноос  аялал, судалгаа гээд хөдөө гадаа явахдаа гэрэл зураг авч эхэлсэн. Эхэндээ ч бүх зүйлийн зургийг авахыг боддог байсан. Их ч явсан. Харин сүүлийн үед бодож төлөвлөсөн зүйлийнхээ зургийг авахыг хичээж байна. Ерөнхийдөө хүн чулуу, адуу хоёр дээр л дагнаж байна. Зураач М.Эрдэнэбаяр тэднийг “Тал нутгийг сахин хамгаалагчид” гэж  тун онож хэлсэн байдаг шүү. Тал нутагт очоод үзэх түүх соёлын үл хөдлөх дурсгал нэрлээч гэвэл тун ховор. Сүм хийдийн туурь гэхээр шороон далан л үлдсэн, цөөн тоотой хадны зураг бий. Бидэнд газар дээрээ байгаа бүтэн үлдсэн дурсгал тун цөөн. Хүн болгоны мэдэх хүн чулуун дурсгал л бидний давуу тал байна.


-Ингэж яваагийн цаад зорилго нь юу юм бэ?

-Эдгээр хүн чулуун дурсгалууд маань урлагийн онцгой бүтээлүүд юм. Тухайн цаг үеийн монголчуудын соёл, шашин, хувцас эд хэрэглэл зан үйл гээд олон зүйлийг тодорхой нарийн дүрсэлсэн, мөн тахилын байгууламж гээд яривал археологийн том судлагдахуун болдог. Анх хүн чулууны өнөө цагийн төрх байдлыг ядаж гэрэл зурагт авч үлдэх, мөн гэрэл зургийн  үзэсгэлэн гаргаж сурталчлан таниулах зорилготой байсан бол газар дээр нь очиж үзэж хараад судлах, таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн. Эдгээр дурсгалыг судлаад ирэхээр сэргэн мандалтын үеийн Европын алдартай сонгодог уран баримлууд, эртний Египетийн хаадын дүр бүхий моннументаль дурсгалуудтай эн дүйцэхүйц гайхалтай бүтээл болох нь харагддаг.

Бид бусад орны соёлын тухай ном сурах бичигтээ оруулан бахархан үздэг хэрнээ өвөг дээдсийн урлаж бүтээсэн эдгээр дурсгалуудыг төдийлөн тоохгүй байгаа нь харамсалтай. Түүх, соёл таниулан сурталчлах, цаашид түүхэн аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд эхлээд бид өөрсдөө сайн судалж мэдэх хэрэгтэй.



-Чулуун хөргийнхөө гэрэл зургуудаар байгальд үзэсгэлэн гаргах тухай бодож явдгаа өөрийн цахим хуудаст бичсэн байсан. Хэзээ ажил хэрэг болгохоор төлөвлөж байна?

-Үзэсгэлэнгийн тухайд 2020 оны намар Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн музейд “Хаадын хөрөг” нэртэй 50 орчим хүн чулууны гэрэл зураг, 20-иод судалгааны гар зурагтай  үзэсгэлэн  дэглэж гаргасан. Үзэсгэлэн маань амжилттай сайхан болж олон хүн үзэж сонирхсон. Энэ үзэсгэлэнгээ 21 аймгаар тойрч гаргах бодолтой байсан ч цар тахлаас болоод түр хойшилсон.Танхимд үзэсгэлэн гаргаж байхдаа зургуудаа хараад нэг бодол төрсөн нь хүн чулууд хээр хөдөө байгаль дээрээ, тэр дуу чимээ орчин гээд бүгд нэг цул болж байж жинхэнэ төрх нь харагдах юм байна гэдгийг илүү ойлгосон.Тиймээс байгаль дээр тухайн дурсгал байгаа газар нь үзэсгэлэн гаргах бодол төрсөн. Нөхцөл бүрдсэн тэр цагт гаргахаар өөрийн зүгээс шалтгаалах бэлтгэлээ хангаж байна.



-Байгальд гаргачихвал энэ үзэсгэлэн олон талаараа анхдагч болох байх тийм үү?

-Аливаа урлагийн бүтээлийг хаана ямар орчинд харуулах вэ гэдгээс хамаарч хүнд хүрэх нь янз бүр байдаг. Хүн чулуу гэсэн ойлголт бидний төсөөөлөлд хээр хөдөө байгаа дүр төрх буудаг. Тиймээс байгальд үзэсгэлэн гаргавал хүнд илүү ойр бууна. Онгон сумын төвийн хуучин барилгын сүрлэг тоосгон ханан дээр гаргана гэж төлөвлөөд байгаа. Өглөө, орой хөдөөнөөс морьтой ирсэн хүмүүс морин дээрээсээ үзэсгэлэн үзээд л. Үхрээ услахаа явж байгаа хүү замдаа хараад өнгөрөх гээд л ахуй дотор байгаа нь сонирхолтой гэж бодсон хэрэг. Ганцхан гэрэл зураг биш тухайн үед төрсөн сэтгэглдийг урлагийн ямар  ч хэлбэрээр буулгаж харуулж болох юм. Баримал, хөгжим,  дуу, шүлэг бүхий л зүйлийг нийлүүлбэл улам л үзүүштэй бөгөөд сонирхолтой болно. Олон хүн чулууны зураг салхинд намираад байж байвал гоё биз дээ. Үзэсгэлэн гэхээс илүүтэй өвгөдийн тахилга тайлгын газар хүндэтгэл үзүүлж буй үйл гэж болно. Сүхбаатар аймгийн урд талын гурван сумын нутагт гаргахаар төлөвлөөд байгаа. Багахан хэмжээний санхүүгийн асуудал шийдэгдвэл ирэх зун хийнэ.


-Яг энэ чиглэлээрээ хичнээн газраар явж, хичнээн зураг хальснаа буулгав?

-Гэрэл зураг авч эхлээд 21 аймгийн үзэсгэлэнт байгальтай газруудаар явж үзсэн. 2019 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутгаар хүн чулуу, түүхэн дурсгалт газрууд үзэхээр аялал хийсэн. Шулуун замаар явж очоод үздэг хүн чулуу гэж ховор. Ихэнх нь замгүй, айл нутагладаггүй, алс зэлүүд газар тэгээд хоорондоо зайтай байдаг учир явуулын хүн байтугай нутгийн хүнтэй хамт хайгаад олохгүй тохиолдол бий. Тиймээс тэр бүгдийг үзэх гэдэг нь цаг хугацаа, зардал, хүч хөдөлмөр, эрэл хайгуул шаардсан ажил болдог. Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Шонх таван толгойд байгаа ганц хүн чулууг үзэх гэж Улаанбаатар хотоос талдаа 100 гаруй км зам туулж байж үзэж байлаа.

Нэг удаа явж үзээд болсон гэж бодох боловч очих болгонд л шинэ мэдээлэл өгч байдаг дурсгал олон бий. Тухайн газар орноо судлах аль улиралд, өглөө, өдөр, орой, шөнө гээд аль цагт зураг авах гээд бодож төлөвлөж, олон удаа явж, их зүтгэл гаргаж байж л санасандаа хүрсэн ганц нэг гайгүй зураг буулгадаг. Зарим зураг тухайн үед сэтгэл хөдлөлөөр гоё кадр авсан гэж бодох ч хожим ирээд харахаар сэтгэлд хүрэхгүй байх тал бий.

Би авсан зургаа сайн, муу гэж ялгаад байдаггүй. Фокусгүй зургаа ч устгахгүй хадгалдаг. Нэг л өдөр хэрэг болдог юм.


Зураг болгон хөдөлшгүй баримт түүх өгүүлж байдгаараа үнэ цэнтэй өв юм.


Жишээлбэл, Онгон сумын Таван толгойд байсан хоёр хүн чулууг Чингис хаан музей татаж аваад үзмэр болгосон. Тухайн үед газар дээрээ ямархуу байдалтай байсныг баримтжуулж авч үлдсэн нь өнөөдөр түүх болон үлдэж байна. Алтан овооны  энгэрт байсан том тогооны зураг миний архивт байсан. 2018 онд өнөөх тогоо алга болсны дараа гэрэл зургууд маань баримт болж байх жишээтэй.



-Мэдээж олон газраар явж нүдээрээ харж, гараараа барьж, түүхийг нь сонсож яваа хүний хувьд харьцуулалт, судалгааг их хийж байгаа байх. Эдний ялгаа, онцлог нь юу байдаг юм бэ?

-Дорнод Монгол болон Сүхбаатар аймгийн нутагт байгаа хүн чулуун дурсгалууд нь Монгол орны бусад газрын дурсгалуудаас өөрийн гэсэн өвөрмөц хийгээд нийтлэг шинжээрээ ялгарч байдаг. Их Монгол Улсын үе ХIII-XIV зуунд хамаарах дурсгал болохыг доктор Д.Баяр гуай 1980-1985 оны хооронд судалсан байдаг. “Монголчуудын чулуун хөрөг” хэмээх нэг сэдэвт бүтээл ч хэвлүүлсэн. ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутаг, Авга, Сөнөд, Зүүн Үзэмчин, Шулуун хөх зэрэг хошуудад  байгаа нэг цаг үед хамаарах дурсгалууд нь ур хийц дүрслэл, тахилын байгууламж гээд бүх зүйлээрээ ижил байдаг. Монгол нутгаас илэрсэн дундад зууны үеийн булш оршуулгын малтлагаас гарсан олдвор,туурган зураг, номын зураг (минатюр) бусад дурсгалд дүрслэгдсэн монголчуудын эдлэл хэрэглэл, дээл хувцас гээд олон зүйлтэй адил бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой хэмээх газраас 2004-2007 оны хооронд нэрт археологич Д.Наваан гуайн малтсан язгууртны оршуулгаас гарсан ховор нандин эдлэл хэрэглэлүүд нь бодит баримт нотолгоо  болдог. Үүгээрээ манай нутгийн хүн чулууд ялгардаг.

Хэдийгээр нэг цаг үед бүтээгдсэн боловч ур хийцийн хувьд харилцан адилгүй ялгаатай. Сүхбаатар аймгийн Онгон сумын Шивээт, Таван толгойн исэр сандалд суугаа байдалтай, дээл, гутал хувцас, хундага, малгай, шибилгэр гэзэг бүхий гантиг, занар чулуун хөргүүд мөн Дарьганга сумын Хөрөгийн хөндийн хувцасгүй тухайн хүний хүйсийг нь ялгаж дүрсэлсэн хүрмэн чулуугаар урласан бол Эрдэнэцагаан сумын Зүүн нүхт хэмээх газар буй бүлэг дурсгал гэхэд жижиг хэмжээтэй боржин чулуун дээр зөвхөн хүний нүүр царай төрхийг сийлсэн зэрэг өвөрмөц онцлогтой.



-Та бараг судлаач болж байгаа байх тийм үү?

-Яваад үзэж хараад ирэхээр хүссэн хүсээгүй л судалгаа руу орж таарч байгаа юм. Эхэн үедээ намайг зарим нь хөдөө явж байхад булш хиргисүүр ухдаг нөхөр үү гэсэн хандлагатай байсан. Одоо бол тэнд, энд ийм шинэ хүн чулууны сураг гарлаа гээд л утасдаж байдаг олон найз нөхөд, танилтай болсон. Тэгэхээр хүмүүс миний цаад зорилгыг ойлгодог болж гэж баярладаг. Хүний хобби, сонирхол, ажил нэг болж зорьж хүссэн зүйлийнхээ хойноос хөөцөлдөж, хөдөө хээр явах үнэхээр сайхан.


-Чулуун хөрөг бүгд өөр өөрийн гэсэн гүн гүнзгий утга өгүүлэмжтэй байдаг. Түүний зургийг буулгахдаа илүү сонирхолтой болгохын тулд өөр ямар нэгэн зохиомж бий болгох шаардлага гардаг уу?

-Би урлагийн бүтээл гэдэг талаас нь харахыг их хичээдэг. Баримтжуулж авахаас гадна арай өөр өнцгөөс авахыг зорьдог. Хүн чулууны дээрээс, дороос алслалтай авах, бүтэн багтаах, деталь хэсгийг авах гээд янз бүрийн өнцгөөс эрэл хайгуул хийж буулгахыг хичээнэ. Бүтээлийн хэмжээнд сайн зураг авахын тулд бодож төлөвлөж эскиз санаа гаргах гээд нэлээн цаг хугацаа мэдээж хэрэгтэй. Сүүлийн гурван жил хийж байгаа судалгааны номоо энэ ондоо багтаагаад хэвлүүлчихвэл дараа нь хүн чулууны тухай уран бүтээлийн үзэсгэлэн гээд бодож төлөвлөсөн ажлууд байгаа.



-Сүхбаатар аймаг бол хүн чулуудын өлгий нутаг. Он удаан жил болсон хөргүүд байгалийнхаа жамаар элэгдэлд орж байгаа. Ер нь энэ түүх соёлын үнэт дурсгалаа  хадгалж, авч үлдэхийн тулд хэрхэх ёстой гэж та харж байна?

-Яг үнэн. Сүхбаатар аймгийн нутагт байгаа хүн чулуун дурсгалууд маань яг үнэн дүр төрх  нь эзгүй хээр үл хайхарсан, элэгдэж хагарч сүйдсэн байдалтай өдий болтол явж ирлээ. Улсын хамгаалалтад байдаг нэртэй Хөргийн хөндийн хүн чулууд гэхэд бүтэн үлдсэн дурсгал ховор, хэдэн хэсэг хагарч бутарсан хэцүү дүр зурагтай болоод удаж байна. Эрсдэлд орж болзошгүй гээд нийслэл, аймаг, сумдад татан авалт хийсэн дурсгалуудын оронд нь хуулбар, мэдээллийг харуулсан самбар хийж тавих чухал байна.

Нэг жишээ дурдахад, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутагт байсан бүх хүн чулуудаа 1980 оноос эхлэн музей, соёлын газар татан төвлөрүүлсэн байдаг бөгөөд одоо газар дээрээ байгаа дурсгал ховор. Эргээд тодорхой хугацааны дараа гэхэд хүн чулуу гэх ойлголт хаана ямар дурсгал байсан гэх мэдээлэл нь хамт үгүй болжээ. "Чингис хаан" музейд 2020 онд татан авсан Таван толгойн хоёр дурсгалыг нийслэлд зөөснийх нь дараа л шуугилдаж байсан болохоос өмнө нь бид хамгаалах тал дээр хийсэн зүйл байгаагүй. Холбогдох байгууллага мэргэжлийн хүмүүстэй хамтарч бүх дурсгалуудаа эрсдэлийн үнэлгээ хийлгэж, нөхөн сэргээлт хийх боломжгүй бол нэн яаралтай татан авалт хийж, хамгаалахгүй бол нүдэн дээр л хагарч сүйдэх эрсдэлд орж байна.

Ганцхан хүн чулуу ч биш түүх, өв соёлын дурсгалын ач холбогдлыг хүмүүс төдийлөн ойлгохгүй байна. Асгат суманд хийдийн туурин дээр байсан дөрвөлжин хээтэй зассан чулууг бүгдийг нь зөөж, их том малын хашаа барьсан айлтай таарч л байлаа. Харамсмаар. Хүний гараар бүтээсэн түүхийн ул мөрийг хадгалсан  өчүүхэн жижиг чулууны хэлтэрхий ч гэсэн үнэ цэнтэй дурсгал юм шүү дээ уг нь.


-Үүнтэй холбоотойгоор уламжлах санал юу байна?

-Үл хөдлөх дурсгалыг хадгалах хамгаалах ажил зөвхөн холбогдох байгууллагын мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, сумын Соёлын төвийн ажилтан зэрэг цөөн хүний хийдэг ажил биш юм. Өв дурсгалд ойр нутаглаж байгаа малчдаас эхлээд хүн болгоны оролцоо чухал. Хүн чулуун дурсгалд жилээс жилд хүний нүдэнд анзаарагдамгүй өөрчлөлт явагдсаар байна. Эрдэнэцагаан суманд 2022 оны байдлаар 45 хүн чулуу бүртгэгдсэнээс Зүүн нүхтэд нэг дор ойролцоо босгосон 33 хүн чулуу бүхий тахилга тайлгын томоохон дурсгалт газар байдаг. Мөн Егүзэр хутагт Ж.Галсандашийн төрсөн газар, гэрийн буурь  голын баруун талд бий. Сүүлд энэхүү газрыг дайруулан нүүрс тээврийн зам гаргаснаар хүнд даацын машинууд байнга холхисноос эдгээр дурсгалууд болон байгалийн унаган төрх алдагдах эрсдэл бий болсон. Замын хажууд байгаа хүн чулуутай байгууламжийн дээгүүр том оврын машин дайрч гарсан тохиолдол ч байна. Иймд нүүрс тээврийн замын чиглэлийг өөрчилж, Зүүн нүхтийн бүлэг дурсгалыг улс, аймгийн соёлын хамгаалалтад байх үл хөдлөх дурсгал гэсэн  ангилалд яаралтай оруулах нь зүйтэй. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье?

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.


Холбоотой мэдээ