СҮХБААТАР: Улсын аварга малчин Г.Бөхчулууных адуун сүргээрээ улсад тэргүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2015 оноос хойш адуун сүргээ өсгөж, өдгөө 1000 гаруй адуугаараа улсдаа тэргүүлж буй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн малчин Г.Бөхчулуун Монгол Улсын аварга малчин боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ХХААХҮЯ-ны ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан болон аймаг, сумын удирдлагууд малчны хотонд нь очиж шагналыг гардууллаа.
Эрдэнэцагаан сумын
нэгдүгээр багт 40 орчим жил тасраад байсан улсын аварга малчин өрхийн шагналыг
ийнхүү Г.Бөхчулуун, Д.Энхтуяа нар авчирлаа. Эцэг эхээс өвлөн авсан эрдэнэт мал
сүргээ таван төрөл дээр нь өсгөж, тэр дундаа адуун сүргээ мянга хол давуулж
чадсан Бөхчулуун сүүлийн хэдэн жил улсдаа адуун сүргээрээ тэргүүлж буй амжилтаа
бататгаж байгаа. Эдний гэр бүл МАА-н салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж,
мал сүргийнхээ тоог ийн өсгөхийн зэрэгцээ ашиг шимийг нэмэгдүүлэн, орон
нутгийнхаа 10 гаруй иргэнийг малжуулж, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтад
тогтмол хувь нэмрээ оруулж яваа үлгэр жишээ өрх юм.
Анх малчин болсон
Төөтхөн гэдэг газраа 33 дахь жилдээ өнтэй сайхан өвөлжиж, малчин түмний дээд
шагнал болох Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хотондоо гардаж
авсандаа туйлын их баяртай байна. Төдийгөөс өдий хүртэл хамт байж дэмжиж тусалсаар
ирсэн бүх хүнд талархал илэрхийлье. Миний хувьд малаа таваарлаг байдлаар
өсгөдөг. Сүүлийн үед малын тоо толгой их байх нь буруу, тоонд биш чанарт анхаар
гэж их ярих болсон ч би үүнтэй санал нийлдэггүй. Ер нь чанартай мал л өсдөг. Чанаргүй
мал хэзээ ч өсдөггүй. Тиймээс мал сүргээ жигд чанартай байлгах нь чухал гэж бид
боддог хэмээн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн Монгол Улсын аварга малчин Г.Бөхчулуун
ярилаа.
Энэ жил Сүхбаатар
аймгаас улсын аварга малчин 7, хошой аварга малчин нэг, аймгийн аварга малчин
38 тодорсон. Улс, аймгийн аваргаар тодорсон малчиддаа ийнхүү хүндэтгэл үзүүлж
хот хотонд нь очиж шагналыг гардуулсан юм.