Уул уурхайн бирж нээлттэй өрсөлдөөний зарчмыг бий болгоно

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-03-02 16:56:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн тээвэр, худалдаанд үүсээд байгаа шударга бус байдлыг халах оновчтой шийдэл нь бирж байгуулах юм гэдгийг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Тэгвэл өнгөрөгч оны сүүлээр УИХ-аар Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар 10 жилийн өмнөх яриа хөрсөнд буув.


Өөрөөр хэлбэл, хаалттай хаалганы цаана хэдхэн хүний шийдвэр буюу борлуулалтын гэрээгээр нүүрс зарах асуудлыг цэгцэлж, гадныхан ямар нэгэн зуучлалгүйгээр нүүрс худалдан авах боломжийг энэхүү хууль нээж өгч буйгаараа онцлогтой.

Ийнхүү экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар буюу нээлттэй өрсөлдөөний зарчмаар худалдах хууль эрх зүйн үндэс бүрдсэнд салбарынхан ам сайтай байна. Тодруулбал, Монголын нийт экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт экспортыг хангалттай хянадаг уу, дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг уу гэсэн эргэлзээнд цэг тавих нь гэсэн хүлээлт нийгэмд үүсэв.


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ УУЛ УУРХАЙТАЙ УЯЛДУУЛСНААР ХЯНАЛТ САЙЖИРЧ, БАЯЛГИЙГ ТЭГШ ХҮРТЭЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ, “Нүүрсний биржийн арилжааг туршилтаар эхлүүлэн амжилттай явуулж байна. Уул уурхайн бирж нь олон жилийн өмнөөс яригдаж  хүлээлт үүсгэсэн ажил. Цаашид Уул уурхайн биржийн арилжааг өргөжүүлэн сайжруулснаар нүүрс тойрсон асуудлыг цэгцэлнэ. Дундын зуучлал болон ам, хилийн үнэ гээд маш олон маргааныг халах юм. Хэн нэгэн даргын хамаарлаас бус, ил тод нээлттэй биржийн арилжаанд оролцож худалдан авалт хийхийг бид уриалж байгаа” хэмээв.


Монгол Улс ирэх долдугаар сарын нэгнээс эхлэн 2023 оны нийт экспортоор гарч байгаа бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах юм.


Польш, Турк, БНХАУ уул уурхайн биржтэй. Эдгээр улс орнуудад уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээг ил тод либералчилж, оролцогсдын чөлөөт өрсөлдөөнийг хангадгаараа давуу талтай.


Уул уурхайн биржийн тухай хуульд Уул уурхайн бирж төрийн өмчийн оролцоотой байхаар заасан бөгөөд хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа технологи хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах боломж нээлттэй байхаар тусгажээ. Эхнээсээ засаглал ил тод нээлттэй зарчмаар явбал "нүүрсний" гэх хэрэг мандахгүй бөгөөд цаашлаад уул уурхайн бүтээгдэхүүн болох жонш, төмрийн баяжмал, гянтболд, өнгөт металыг биржээр дамжуулан дэлхийн зах зээлд борлуулах боломжтой. 


“Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж, улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах учраас хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл бүрдэнэ” гэдгийг салбарынхан онцолж байна.

 

БИРЖИЙН ТУРШИЛТЫН АРИЛЖААГААР 210 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ

Он гарснаас хойш Уул уурхайн биржийн арилжаагаар нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК 210 мянган тонн нүүрс борлуулаад байна. Цахимаар арилжих нүүрсний нэг багц нь 6 400 тонн бөгөөд нэг удаагийн захиалгын дээд хэмжээ нь 25 хүртэл багц аж.

Монголын Хөрөнгийн биржийн 2012 оноос ашигласан таваарын биржтэй холбоотой "Миллениум Ай Ти” системийг ашиглан арилжаа хийх боломжтой.


Туршилтаар цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганц модны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байгааг Засгийн газарт уламжилсан байна. Үүнтэй холбогдуулан Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журамд 3 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт орууллаа. Журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэсэн үндэслэлээр 5 хувь болгон өөрчлөв. Биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал, эсхүл БНХАУ-ын Ганц мод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” хэмээн өөрчлөн арилжааны дэнчинг ийнхүү бууруулахаар болжээ.

  

МОНГОЛ УЛС ХИЛИЙН НӨХЦӨЛӨӨР НҮҮРСЭЭ БОРЛУУЛЖ, ҮНИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА

Нүүрсний үнэ олны анхаарлын төвд байдаг асуудлын нэг. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийг бид бүрэн ашиглаж чаддаггүй нь нууц бишЗах зээлийн ханшаас даруй 50 хувиар хямд борлуулсныг 2021 оны борлуулалтын үнээс харж болохоор байна. Тодруулбал, 2021 онд уурхайн амны нэг тонн нүүрсний үнэ 47 ам.доллар байсан бол борлуулах боломжит ханш 89 ам.доллартой тэнцэж байв. Гэтэл тухайн үед БНХАУ-ын Ганц модны боомтод нэг тонн нүүрсний хилийн үнэ 182 ам.доллар байв. Ганц модны боомтын талбай дээрх болон уурхайн амны үнийн зөрүүнээс хэдий хэр хэмжээний мөнгө алдсаныг эндээс тооцож болохоор байна. Үнэндээ уурхайн амны нүүрсний үнийг ямар зарчмаар тогтоож байгаа нь тодорхой бус, дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн үр шимийг хүртээгүй гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, өнгөрөгч оны сүүлээр "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайн амнаас ачиж буй нэг тонн коксжих нүүрс 110 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан бол Ганц модны боомт буюу 7 км-ын цаана 210-230 ам.доллар байв.


Тэгвэл биржийн  тогтолцооны  шинэчлэл нь үнийн зөрүүг арилгаж, гадаадын болон үндэсний худалдан авагчид, үйлдвэрлэгчдэд нээлттэй байхаас гадна экспортын улсын төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Уул уурхайн биржийн тухай хуулиар спот, форвард, опцион, фьючерс гэсэн дөрвөн төрлийн гэрээ байгуулж арилжааны гэрээний хариуцлагыг брокер хариуцахаар тусгажээ. Биржийн брокер нь холбогдох баримт бичгийг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу бүртгэж, хадгалахаас гадна спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүн нь биржийн итгэмжлэгдсэн терминалд байршиж, бүртгэл хийхээр зохицуулсан байна.


Өмнө нь эрдсийн бүтээгдэхүүний үнийн эрсдлийг хамгаалах ирээдүйн фьючерсийн гэрээ хийдэггүй, гадны хөрөнгө оруулалт бүхий компаниуд бүтээгдэхүүнээ худалдахдаа зохиомлоор бага үнэ тогтоон, татвараас зайлсхийх явдал байж. Харин биржийн үйл ажиллагаа жигдэрснээр хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар олон улсад нэмэгдэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болж, арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэнэ хэмээн хууль тогтоочид тодотгож байна.


Үнэндээ өнгөрсөн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт борлуулалт хяналт сул явж ирснийг "нүүрсний" гэх хэрэг бидэнд гэрчилсэн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэд тэгш хүртээмжтэй хүртэнэ гэдэг боловч бодит байдал дээр хэрэгжээгүй нь нээлттэй байх механизм бүрдээгүйтэй холбоотой. Харин уул уурхайн биржийн зохицуулалтад шилжсэнээр гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай байх зарчмыг дээрх хууль хангахаар болж байна. Монгол Улсын ДНБ-ий 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буйн хувьд уул уурхайн салбар манай эдийн засгийн гол тулгуур хүч хэвээр байх болно. Энэ утгаараа уул уурхайн салбараас хүртэх орлогыг хамгийн боломжит хувилбараар төвлөрүүлэхэд Уул уурхайн биржийн тухай хууль хөшүүрэг болно гэсэн найдлага нийгэмд бий болоод байна.

Холбоотой мэдээ