ДАРХАН-УУЛ: “Чингис мастер кросс-2023” автомашины бартаат замын уралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-18 10:52:17

ДАРХАН /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Чимэдцэрэн агсны нэрэмжит автомашины бартаат замын уралдаан “Чингис мастер кросс-2023” эхэллээ.


1998 онд анх зохион байгуулж байсан тус уралдаан тамирчдын ур чадварыг сорьсон, жилээс жилд өргөжин тэлж оролцогчдын тоо нэмэгдсэн томоохон уралдааны нэг болсон. 25 дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаан “Ковид-19” халдварын улмаас хоёр жил засварласан.


Чансаа өндөр тамирчдын хурд хүчийг сорьсон “Чингис мастер кросс” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” ХХК, ерөнхий зохион байгуулагчаар Монголын автомастеруудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, зохион байгуулалт, аюулгүй ажиллагаанд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, эрүүл мэндийн газар зэрэг байгууллага оролцож байна. Мөн аймгийн Соёл, урлагийн газар зохион байгуулалтад оролцож уралдаан болж буй газарт зөөврийн бие засах байр байрлуулах, орчны хог хаягдлыг цэвэрлүүлэх, нээлт, хаалтын тайз угсрах, чимэглэл зэргийг хариуцан ажиллаж байна.


Тэмцээнд нийт 63 тамирчин оролцож байгаа бөгөөд 7 гараатай аж. Хэсгийн 4, хагас шигшээ 2, финалын нэг гараанаас шилдгүүд тодорно. 23 дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаанд МУГТ Д.Болдбаатар хамгийн олон буюу 8 удаа түрүүлж, 4 удаа дэд байрт шалгарч байжээ. Түүний хувьд тэмцээнийг  хоёр, гурван жил завсарлаж, өнжиж байсан ч хамгийн олон түрүүлсэн тамирчин хэвээр байна.


Зохион байгуулалтын тухайд үзэгчдэд илүү боломжийг нээж, өнгөрсөн жилээс Дархан хотын 89.5 радоигоор мэргэжлийн тайлбартайгаар хүргэж эхэлсэн нь уралдаан илүү сонирхолтой болсон. Радио долгионоо автомашиндаа тааруулж үзэх боломж олгож буй 89.5 радиогийн хамт олон иргэд талархсанаа илэрхийлж байлаа. Уралдааны үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нээлттэй худалдаа хийх боломжтой. Гэхдээ чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхэд хяналт тавих аж.


Уралдааны замын тухайд зөөлөн хөрстэй бөгөөд огцом эргэлт, өгсүүр ихтэй, жалга, уулын хазгай зэрэг нь бусад уралдааны замыг бодвол бартаа ихтэй ур чадвар, тэсвэр, уран жолоодлогыг ихэд шаарддаг гэж тамирчид онцолж байна.  “Чингис мастер кросс-2023” уралдааны шилдгүүд өнөөдөр орой тодрох бөгөөд нийт шагналын сан 20 сая төгрөг ажээ.


Ташрамд сонирхуулахад, Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулдаг уралдаануудаас хамгийн олон үзэгчтэй нь Дархан хотод зохион байгуулдаг ”Чингис мастер кросс” зүй ёсоор багтдаг бөгөөд тогтмол 40-50 мянган хүн үздэг аж. 

Холбоотой мэдээ