Г.Занданшатар: Төрийн алба чадавхын зарчимд суурилах байтал мэдлэгийн чадамжид түшиглэх болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-22 12:10:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос зохион байгуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн төслийн талаар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ “Төрийн алба нь мерит буюу чадавхын зарчимд суурилах байтал одоо мэдлэгийн чадамжид түшиглэх болсон. Мэдлэг боловсрол гэдэг бол зэвсэг. Мэдлэг эмчийн гарт орвол хүний амь авардаг. Хулгайчийн гарт орвол бусдыг хөнөөдөг. Иймд нийгэмд, тэр дундаа төрийн албанд ёс зүйг төлөвшүүлэх нь өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага юм. Хэчнээн мянган сайхан хууль байгаад хуулийг буруугаар хэрэглэдэг ёс зүйгүй байдал газар авбал нийгэм ямар шатанд хүрдгийг бид харж байна. Энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад хамаатай асуудал биш. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг батлах нь тэнд ажиллаж буй албан хаагчдыг чангалах гэсэн хэрэг биш. Монголын төр чадавхтай байх тухай асуудал. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйн нэгдмэл байдлыг хангасан хууль гаргах нь зүйтэй юм. Иймд хаврын чуулганаар энэхүү хуулийг баталъя. Энэ хууль хэм хэмжээ болчихвол цаашид хэрэглэх шаардлагагүй болно” гэлээ.


АТГ-ын комиссар Д.Дуламсүрэн “Төрийн албаны ёс зүй нь бусад байгууллагаас юугаараа ялгаатай вэ гэхээр, энэ нь олон нийтийн итгэлтэй холбогддогоороо онцлог. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон эрхээ шударгаар хэрэгжүүлж байгаа гэсэн иргэдийн хүлээлт гэсэн үг юм. Тиймээс олон нийтийн итгэлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Иймд авлигыг нөхцөлдүүлж байгаа асуудал дээр тогтож ярих шаардлагатай. Тэдгээр нөхцөлдүүлэгч хүчин зүйлийг арилгахгүй бол авлига арилахгүй” гэв.


Тэрбээр мөн үеэр зарим тоо баримтыг илтгэлдээ дурдсан. Одоогийн байдлаар, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан хаагч өнгөрсөн оны байдлаар 47 мянга гаруй байгаа ба үүнээс 42657 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт эрсдлийг нь тооцож үзэхэд, 6895 албан тушаалтан дунд ба түүнээс дээш эрсдэлтэй гэж гарсан байна. Тэр дундаа тэрбум төгрөг болон түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө орлого нь өссөн, эсвэл давтамжтай байдлаар өссөн 24 албан хаагч байгаа аж. Тэдгээр албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт Татварын ерөнхий газартай хамтарч дүн шинжилгээ хийн, 312 сая төгрөгийг өнгөрсөн оны сүүлчээр улсад төлүүлэхээр шийдвэрлэсэн хэмээв.


Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, УИХ-аас удирдлагыг нь томилдог албан байгууллагын дарга нар, холбогдох яам, агентлагийн төлөөлөл, төрийн өмчит газруудын Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд, Монголын үйлдвэрчний эвлэл, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ажил олгогч эздийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.


Холбоотой мэдээ