Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь дансыг царцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-22 13:27:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. 


Х.Нямбаатар сайд энэ тухайд “Шувуу” ажиллагааны хүрээнд дотоодоос гаднын улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь шилжүүлэг, төлбөр тооцоо хийж буй дансыг царцаах үүрэг чиглэлийг өгсөн. Одоогийн байдлаар АТГ-д шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүн байна. Нийт 100 гаруй хүнийг хайн Монголдоо авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулна. Өмнө нь тэдгээр иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг үргэлжлүүлж байна.


Дөрөвдүгээр сард багтаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулж буй гол зарчмын өөрчлөлт бол эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлэх явдал юм" гэв.


Мөн хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ