На.Сүхбаатар: Чингис хааны хөвгүүдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн суурин дээр 16-17-р зуунаас Дөрвөн Ойрад босч ирсэн юм

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-05-30 11:17:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн түүхийн тэнхмийн дэд профессор Надмидын Сүхбаатартай уулзаж Ойрад судлалын талаар  дэлгэрэнгүй ярилцлаа.  Тэрбээр 1996 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр төгсөж, “Монголын түүхийн тод бичгийн сурвалжууд (сурвалж судлалын судалгаа)” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг 2005 онд хамгаалсан юм.


13 дугаар зуунд “Ойрад” гэдэг нэртэй устай аймаг байжээ


-Ойрад түмэн, Дөрвөн Ойрад гэж ярьдаг. Энэ ойлголт тус тусдаа тодорхойлогдох учиртай юу?  

-Эртнээс Монголын нууц товчоо, Рашид- Аддины “Судрын чуулган”- зэрэг түүх бичлэгийн бүтээлд ийм нэр устай аймгийн тухай гарна. 13 дугаар зуунд “Ойрад” гэдэг нэртэй устай аймаг байжээ, ноёнтой, нутагтай ард түмэн хэлбэржээд тогтчихсон байсан байна. Чингис хаан Их монгол улс байгуулж зарласан барс /1206 он/ жилийн дараа жил /1207 он/ ахмад хүү Зүчийг илгээгээд Монголын умард хэсгийн аймгуудыг нэгтгэх бодлого явуулсан. Чингис хаан хүн ам олонтой, газар нутаг томтой Ойрад гэдэг аймгийг нэгтгээд их баярласан болов уу гэмээр сэтгэгдэл “Монголын нууц товчоо”-г уншихад төрдөг. Тэгээд Хутуга бэхи /тухайн үеийн Ойрадын толгойлогч/ гэдэг ноёнтой худ ураг болж байна. Түүний 2 дахь хөвгүүн Иналчид өөрийн охин Цэцэйхэнийг, том хөвгүүнд Зүчийн охин Холуйханыг өгч байна. Ойрад аймаг өмнө нь Чингис хааны эсрэг Жамухын эвсэлд нэгдэж байсан ч түүнийгээ цайруулж Зүчийн цэрэг Ойрадаас цааш давшиж Ойн иргэд гэдэг нэрийн дор байгаа олон аймгийг Их Монгол улсад нэгтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсан. Энэ үеэс Монголын улс төрийн тавцанд нилээд бэхэжсэн, нэр хүндтэй аймаг болсон юм. “Нууц товчоон”-нд “түмэн ойрад” гэж гарч байхыг бодоход хүн ам олонтой байсан байх. Чингис хаан охиноо өгсөн, ургийн холбоо тогтоосон явдал Ойрадыг өнөө хүртэл оршин байх гол нөхцөл нь байхаа.


“Судрын чуулган”-ы мэдээгээр бол Хутуга бэхи бол зөвхөн нэг толгойлогч, өөр бас олон ойрадууд байна. Эрчис мөрний дунд урсгалд Мэргэдийн хойчсыг мөшгөж явахад тэндхийн ойрадууд зам зааж өгч байна. Хөвсгөл нуурын баруун талаас цаашлаад Алтайн баруун хойтод Эрчис мөрөнд нутаглаж байсныг харахад нутаг дэвсгэр ч бас талбиу байх боломжтой. Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үедээ Хэрэйд, Татар, Найман зэрэг том аймгуудыг шинэ засаг захиргааны зохион байгуулалтад оруулж, жишиж тараасан. Гэтэл Ойрад аймаг тэр үед бүтнээрээ үлджээ. Энэ нь ойрадуудын өнөөдрийг хүртэл оршин тогтнох бас нэг нөхцөл нь болж өгсөн байх.


-Ойрад гэдэг нэрийн утгыг тайлбал...

-“Судрын чуулган”-д Чингис хааны үеийн ойрадын тухай “тэд уулаасаа хүний тоогоор олон, салаа аймгуудтай”, “ойрад аймгуудаас бүрдсэн дөрвөн мянган байжээ, гэхдээ нарийн тодорхой биш” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Их хаан тэднийг дөрвөн мянган болгож засаг захиргааны хуваарьт оруулсан бололтой байдаг. Эндээс үүдэлтэй Ойрад гэдэг нэрийн өмнө “дөрвөн” гэдэг тодотгол гарч ирж байгаа юм. Түүнээс гадна ойрад гэдэг үг нь өөрөө ойр, холбоотон гэсэн утгатай үг. Хожим Ойрадтай зэрэгцээ оршдог Хасагийн гурван жүз /3 гар/-ийн Их жүзийн Аблай Манжид дагаар орохдоо өөрийнхөө түүхийг бичиж, тайлбарласан байдаг. Тэнд “Бид гурван ойрад” гэж өөрсдөө 3 хэсэг, хоорондоо холбоотой аймаг шүү гэдгээ ойлгуулсан. Тэгэхээр зэрэгцээ аймгууд ч гэсэн ойрад гэдэг үгийг ойр, холбоотон гэх мэтээр ойлгож байжээ. Өмнөх үеийн түүхчдийн “ойн ард”, “ойн иргэн”, “хойн иргэд” гээд маш олон санал байдаг. Ойр, холбоотон гэдэг нэр томьёог ашиглаад явахад түүхийн олон зүйл тайлагдаж байна. Монголын түүхнээ илэрсэн Мэргэд, Хэрэйд, Онгуд, Тайчууд гээд олон тоон дээр дуудах “д”-ээр төгссөн олон аймгийн нэгэн адил ойр+д гэж нэрлэгдээд явсан байх. Хүчирхэг нэгдсэн том улс байгуулагдахаас өмнө, түүний дараа ч тал нутгийн овог аймгууд өөр хоорондоо холбоотон болж гадаад байдлаа бэхжүүлж оршин тогтносоор ирсэн. Гурван мэргэд, Есөн татар гээд нэрлээд байвал олон. Ойрадууд түүний нэгэн адил дөрвөн мянганаас илрэлтэй дөрвөн ойрад гэдэг нэршилээр хожим хүртэл явсан. Ойртсон, нөхөрлөсөн гэсэн утга бүхий тогтолцоонд тулгуурласан учир урт настай аймаг болсон байх магдлалтай. Магадгүй анх тэд нэг угсаа гаралтай аймгууд байсан байхыг үгүйсгэхгүй.    


-Ойрадын тэр үеийн засаг захиргааны нэгж, хуваарилалт нутаг дэвсгэрийн цар хэмжээг илүү нарийн тодорхойлох боломж байна уу?

-Чингис хаан Ойрадуудыг зүүн гарын түмэнд хамруулж захируулсан байдаг. Судлаачид байршилаар нь баруун гар гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу. Тухайн үеийн засаг захиргааны шинэчлэл бол мянгат, мянгат дотроо задарна, мянгат дээшлэхээрээ түмт болно. Баруун, Зүүн гар гэсэн энэ засаг захиргааны шинэчлэлд Ойрадууд хамрагдсан байж таарна. Гэвч тэдний уг амьдрах орчин умард нутаг, байгаль цаг уурын онцлог байдал нь олон газарт нүүдэллэх боломжгүй болгосон байх. Гэхдээ  улсын дотоод бодлогоор олон цөөнөөр энд тэнд нутаглаж байсан. Жишээ нь, “Судрын чуулган”-д бичснээр Сэлэнгэ мөрний орчимд байгаа Бор-Өндөр хэмээх их хоригийг хамгаалахаар Ухай Гэрчү хэмээх хүний захирдаг нэг мянган ойрад ирж суусан гэх мэт.


-Ойрадын тархац, Монголын эзэнт улсын гадаад байлдан дагуулалтад яаж оролцсон бол?   

-Ойрад бол монгол үндэстний нэг хэсэг. Монгол эзэнт гүрний нэг л бүрэлдхүүн. Улсынхаа бүх л гадаад, дотоод үйл ажиллагаанд бусдын адил оролцоно. Гагцхүү Чингис хаан, түүний үр хойчистой барилдсан хэдэн үеийн ураг барилдлага онцгой нэг нөхцөл болсон байж мэдэх юм. Цэцэйхэн бол Чингис хааны их хатан Бөртэгээс төрсөн, 5 дахь хүүхэд бөгөөд Өгөөдэйн дүү, Толуйн эгч. Хутуга бэхийн хүү Иналчи Цэцэйхэн хоёрын дундаас Буха төмөр, Бөртө, Барс буха гэсэн 3 хөвүүн Гүюг, Орхина, Элчигмиш, Көчү гэсэн 4 охин төрсөн гэдэг. Иналчийн хөвгүүд нь бүгд Чингисийн угсааныхантай гэрлэсэн бол охидын хувьд бүр онцгой ураг барилдлага болсон. Гүюг гүнж Хүлэгүтэй, Орхина гүнж Цагадайн угсааны Хар Хүлэгүтэй, Элчигмиш Аригбөхтэй, Көчү гүнж Зүчийн угсааны Батын хөвүүн Тохохантай ураг барилдсан. Энэ 4 охид нь бүгд их хатан болсон. За эндээс цааш түүх ярьвал маш их юм болно. Ойрад аймгийн байр суурь үүнээс болсон уу, Ойрад гаралтай ноёд, ач зээ нарын улс төр дэх байр суурь өндөр хэмжээнд хадгалагдаж байжээ. Их монгол улс хүрээгээ тэлж гадагшаа дайн хийхэд тэд оролцсон, ер нь Ил хаант улс, Алтан ордон улс, Цагаадайн улс гээд бүх улсуудад ойрадууд бусад монголчуудын нэгэн адил цацагдаад, тархаад л явсан. Хааны эрх мэдэл Толуйн угсааныханд ирсэн үйл явдлын дараа гол нутаг маань Тулуйн удмынханд захирагдаж байсан. Ойрадын ихэнх хэсэг уг нутагтаа Аригбөхийн шууд удирдлагад байжээ гэсэн дүгнэлт түүхийн өрнөлөөс харагддаг.


-Ил хаант улсад Ойрадуудын байр суурь ямар байсан тухай тодруулна уу?

-Ойрадууд Ил хаант улсын үед түүхэнд хамгийн их тод гарч ирдэг. Ил хаант улсад бүлэг ойрадууд очиж суурьшсан. Ил хаант улсыг байгуулсан Хүлэгү хааны их хатан Гүюг, тэдний дундаас төрсөн хөвгүүд охид, Иналчийн хөвүүн Буха төмөр цэрэг удирдаж очсон гээд. Бас Иналчийн бас нэгэн хатнаас төрсөн Өлзий гүнж Хүлэгүгийн хатан. Тэдний дундаас төрсөн Мөнхтөмөр хожим их алдартай цэргийн жанжин болж Мамлюкийн цэрэгтэй тулалдаж байлаа. Эдгээр язгууртнуудын үр хүүхдүүд Ил хаант улсын улс төрийн өндөр албан тушаалд байж хаан ширээний төлөөх тэмцэлд оролцож байжээ. Тэдний зээ нараас хожим Абу Саид хаан ширээнд суусан байдаг. Хүлэгүгийн байгуулсан Ил хаант улс 100 шахам жил хүчирхэг бат оршин тогтнож, энэ хооронд олон хаан солигдсон тэр цаг үед олон ойрад хүн сайд болсон байдаг. Тэдний дотроос алдартай нь төрийн сайд Аргун байна.


-Эх нутагтаа байсан Ойрадуудын тухай яриандаа шилжье.

-Аригбөхийн их хатан Элчигмиш, тэдний дундаас төрсөн Аригбөхийн хөвгүүдийн эзэмшилд ойрадууд очсон бололтой байдаг. Гэвч 1280-аад оноос хойш үйл явдлууд тодорхой биш байна. Түүнээс хойшх 100 гаруй жилийн хугацаанд ойрадууд төдийгүй бусад монголчууд, ер Давааны арын мужийн хүн ардын тухай сурвалжийн мэдээ маш хомс. Гэхдээ ямар нэг эх сурвалжид энэ талаар гарч ирэхгүй байна гэдэг нь тэд алга болчихсон гэсэн үг биш. Тэмдэглэгдээгүй, тэмдэглэгдсэн байлаа ч үрэгдсэн гэсэн үг шүү дээ.


-Ойрадууд улс төрийн гол тоглогч болоод гараад ирсэн цаг үе...

-Зүүн монголтойгоо 15 дугаар зуунд өрсөлдөх хэмжээнд томорч гарч ирсэн нь их сонирхолтой. Түүх сонирхогч хэн бүхэн тэднийг яагаад ингээд гараад ирэв, хаана байсан бэ? гэж асууж мэтгэлздэг. Чингисийн хөвгүүд, тэдний үр ач нар Чингис хаанаас хойш эзэлж авсан газар нутгаа чинийх үү, минийх үү гэж хоорондоо дайтсан болохоос Хаан эцгийнхээ гэрээсийг зөрчиж үндсэн газар нутгаа булаацалдсан дайн самуун болоогүй. Өөрөөр хэлбэл, Их Монгол улсыг байгуулсан Чингис хаан 4 хүүдээ Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуйн улсын нутаг дэвсгэр гэж  зарлигаар хуваасан газар нутгийг хойчис нь хөндөөгүй. Энэ 4 том улсын газар нутаг Алтайн нурууны бүс нутаг дээр нийлдэг юм. Яг энэ бүс нутагт ойрадууд сууж байж. Алтайн нурууны бүс нутгийг зөвхөн Алтайн нуруугаар төсөөлж болохгүй, түүнээс баруун хойш гарсан Эрчис мөрөн, Алтайн өлгийд шингэх Ховд мөрний сав, энэ өргөн уудам нутагт тэд оршин тогтноод суучихсан юм л даа. Завсрын бүс бол онцгой газар шүү дээ. Тэнд суурьшаад хүн амаа өсгөж байгаад 15 дугаар зуунд улс төрийн тавцанд гэнэт гараад ирж байгаа байхгүй юу.


-Элбэг хааны үе гэх үү ?

-Тиймээ. Элбэг хааны үед ойрадууд түүхэнд дахин их тодорхой гарч ирнэ. Монгол сурвалжид, бас хятад сурвалжид нэр нь бичигдээд л, түүхнээ удирдагчийн нэр устайгаа гараад ирнэ. Энэ бол 1390-ээд оны үе. Хааны хажууд Хуухай Даюу гэдэг том туслагч гарч ирнэ. Элбэг хаан Хуухай Даюуг хилс хэргээр хороосны дараа, түүний хүү Батула-д “чинсан” цол олгодог. Батула улс төрийн амьдралд маш идэвхтэй оролцоно. Энэ үед Монголын хаан ширээний тэмцэл туйлдаа хүрч Хубилайн хойчис, Аригбөхийн хойчис ээлжлэн ширээ эзлэж, үүний хажуугаар Хасарын угсааныхан оролцоод жинхэнэ бутрал задрал явсан байх юм билээ. Ойрадууд хаан ширээний төлөө тэмцэлд Аригбөхийн хойчсыг дэмжигчид, Хубилайн хойчсыг дэмжсэн хоёр янзын бүлэг байдлаар түүхэнд гарч ирдэг. Аригбөхийн хойчсыг дэмжигч Үгэчи хашиха нар бол угийн Хутуга бэхийн үр хойчис бөгөөд урьдын Аригбөх-Элчигмишийн ургийн хэлхээ холбоо, нагац зээгийн ёсонд суурьлагчид юм. 


                                         Цорос бол цаг хугацаа, түүхэн хөгжлийн явцад нэг нь дарагдахад,

                                        нөгөө нь гарч ирдэг нийгмийн хөгжлийн дагуу гарч ирсэн аймаг


-Цорос аймаг хаанаас гараад ирэв?

-Ойрадын дундаас тухайн үеийн гол тоглогч болж гарч тэд /Цорос/ ирэх нь тэр. Тэд өөрсдийгөө эцгийн талаас Бөө хан гэдэг хүн, эхийн талаас Лусын хааны охиноос үүссэн, тэнгэр гаралтай гэж тайлбарласан байдаг. Цоросын үүсэл гарлын тухай 4 домог бий. Бүгд ерөнхийдээ ийм санааг гаргасан. Эдгээр домог, бас тайлбарууд хожмынх байх. Ямар ч хүн,  эрх мэдэлд хүрсний дараа өөрийнхөө удам угсааныхаа талаар тодорхойлох шаардлага үүсдэг. Түүнтэй нэгэн адил овог аймгуудад тийм эрх бий. Цоросууд бол цаг хугацаа, түүхэн хөгжлийн явцад нэг нь дарагдаж байхад, нөгөө нь гарч ирдэг нийгмийн хөгжлийн дагуу гарч ирсэн аймаг. Үүслийг нь он цагт харгуулж үзэхээр 1270-80 оны үед Бөө хан амьдарч байжээ. Энэ үе ямар цаг үе билээ? Хубилай-Аригбөх, Хубилай-Хайдуу нарын их тэмцлийн үе юм. Дээр өгүүлсэн Ойрадын олон салбар салаа аймгийн нэгнийх нь удирдагч байжээ. Бөө хан:

– Улиндай бадан тайш

– Халмин тайж

– Хуухай Даюу

- Батула чинсан

- Тогоон тайш

– Эсэн хаан гэсэн дарааллаар XV зууны хагаст хүрч ирдэг.

Батула чинсанг хятад сурвалжид Махаму гэж нэрлэнэ. Мин улсын хааны ордны тэмдэглэл болох “Мин улсын үнэн магад хууль”-д Махаму, Тайпан, Батболд гэсэн ойрадын 3 толгойлогчид ван цол олгосон тухай тодорхой тэмдэглэсэн байдаг. Энэ нь 1409 он юм. Мин улс тэднийг дотоод нь хагардуулах, өрсөлдүүлэх бодлогоор цол хэргэм өгсөн гэж харахаас гадна Мин улстай хийх худалдаа хийх, эдийн засгийн харилцаанд оролцоход давуу эрхийг олж авч байсан хэлбэр. Ойрадууд илт сэргэж Монголын улс төрд нөлөөлөх хэмжээнд хүрэхийн хамт дотоодоо ширүүн тэмцэл өрнүүлж байжээ.  


-Энэ тэмцэл юунаас эхтэй вэ?

-Батула чинсан 1416 онд нас барсан. Элбэг хаан тэртээ 1395 онд Хуухай даюугийн хөвүүн Батулад их хатан Хөвүүндэйгээс төрсөн Самар гүнжийг өгч, “чинсан” цол олгож Дөрвөн ойрадыг мэдүүлжээ. Тогоонд 1418 онд эцгийнх нь цолыг Мин улсаас олгож байр суурийг нь бэхжүүлж өгчээ. Самар гүнжээс төрсөн Тогоон эцгийгээ залгамжлахдаа урьдаас тогтож ирсэн ойрадын дотоод бүтэц болон манлайллыг өөрчлөх оролдлогууд хийжээ. Ялангуяа 1424 онд Үгэчи хашхагийн хөвүүдийг мохоож, заримыг нь өөртөө элсүүлсэн. Ойрадад эртнээсээ олон угсааны овог аймаг байсан байна. Алтан ургийн гэдэг шиг хүлээн зөвшөөрөгдсөн угсаа залгамжлал тэнд байгаагүй. Тогоон Ойрадын бусад аймгууд руу хэд хэдэн удаа довтолсны үр дүнд 1437 онд цэгцэнд оруулсан хүн байгаа юм.


-Тогооны цэгцэлсэн үеийн Ойрадын бүс нутгийг тодорхойлох боломжтой юу?

-Тэдний нутаглаж байсан буурь буудлыг эх сурвалжид Хангайн нурууны баруун тал Ганьгань буюу Завхан голын нэр их гардаг. Завхан гол, Алтайн нуруу, Хамийг ойрадтай холбон “Мин улсын магад хууль”-д тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойших алслагдсан нутгийн газар усны нэрийг тэд /тэмдэглэл хөтөлсөн хүмүүс/ мэдэхгүй байсан учраас тэмдэглээгүй. Ер нь ойрадуудын нутаг бол Хангайгаас баруун Алтайн нурууны хэсэг л дээ. Аригбөхийн тэмцлийн үед Алтайн нуруугаар нутаглаж байсан байна. Өгөөдэйн угсааны Хайдугийн тэмцэл ч гэсэн энд л өрнөдөг. Эх сурвалж, баримт дутуу байгаа учраас тухайн үед ямар байдлаар байсан бэ гэдгийг бид нарийн хэлэх боломжгүй.


-Ойрадын дотоод тэмцлийн үр нөлөө юу болов?

-Би дээр тэмдэглэсэн. Монголын хаан ширээний төлөөх тэмцэлд Ойрадууд татагдан оролцсон гэж. Хубилайн угсааны Элбэг хааны үр хойч Тогтобуха 1439 онд Монголын хаан ширээнд Тайсун хаан гэдэг нэр цолтой суудаг. Тогоон Тайсун хаанд охиноо өгч ураг барилдсан бөгөөд түүний их хатан болжээ. Тайсун хаан Тогооныг улсын тайшаар өргөмжилжээ. Өөрөөр хэлбэл Ойрадын Цорос овог Хубилайн хойчисын холбоо амжилт олж хаан ширээг Адай хаанаас эргүүлэн авчээ. Улс төрийн холбоонд худ ургийн харилцаа ихээхэн чухал. Цорос овог “Алтан ураг”-тай ураг барилдах хэмжээнд хүрч бүх Ойрадыг нэгтгэн захирчээ. Тогооны охин Тайсун хааны их хатан, бас нэг охин Нугандашир нь Хамигийн ван Буширын хатан байсан. Тогооны хөвүүн Эсэнгийн охин Цэцэг Тайсун хааны дүү Агваржин жононгийн хөвүүн Харгучигийн хатан. Гэвч 1440 онд эцэг Тогооныг залгамжилсан Эсэн тайш Ойрадын дотоодын тэмцэлд 1454 онд алагдаж байсныг үзэхэд Ойрадын олон аймгийн эрч хүч, хэрүүл тэмцэл хэвээр л байжээ, тэр үед.


-Энэхүү үеийн түүхийн мэдээ, сурвалжийг нэрлэх үү?

-Мин улсын хааны ордны өдөр тутмын тэмдэглэл болох “Миний улсын үнэн магад хууль” гэдэг сурвалжийн Монголын тухай өгүүлсэн хэсэгт Мингийн хааны ордонд ийм элч ирэв, түүнийг тийм зүйлээр шагнав, Монгол руу буцахад нь элч дагуулсан бол, тэр элчийг явуулав, элч тэнд очив, түүнтэй уулзав гэдэг мэдээг ашиглан 15, 16 дугаар зууны зарим мэдээллийг олж авдаг. Энэ сурвалж их чухал. Үүнийг ашиглаж хожим Манж Чин улсын сударчид “Мин улсын түүх”-ийг бичсэн. Монгол хэлээрх 15, 16 дугаар зуунд холбогдох эх сурвалж, баримт ховор. Хожим 17 дугаар зуунд бичигдсэн “Хураангуй Алтан товч”, “Лувсанданзаны Алтан товч”, “Саган сэцний Эрдэнийн товч” зэрэг сурвалж зохиол дотор мэдээнүүд байна. Гэхдээ тэдгээр түүхчид хоёр зуун жилийн өмнөх түүхийн мэдээг яаж олсон нь тодорхой биш. Аман байдлаар дамжсан уу, бичгийн сурвалжаар дамжуулан авсан уу гэдгийг харж тооцох хэрэгтэй. Хэрэв  аман байдлаар дамжсан бол ямар ч мэдээлэл 200 жилийн хугацаанд нугарах хугарах нь тодорхой юм. Сурвалж судлаачийн хувьд би түүнийг их анзаардаг. Манай түүхчид түүхийн онгорхой зайг түүх судлалын аргуудаар нөхөж, ерөнхий зураглал гаргаад бичдэг дээ.

 

                        Ойрадын түүхийг сурвалжийн илрэлтийг дагаад өөрөөр харах боломж олдож байна


-Ойрадын түүхийн сурвалжийн талаар илүү тодруулах уу?

-Ер нь ямар ч ард түмний өөрийнх нь түүх бичлэгийг их чухалд үзэх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө юу гэж үзэж, хэн гэж ухамсарлаж байгаа юм бэ, тусдаа аймаг гэж үзэж байгаа юм уу, монголын нэг хэсэг гэж үзээд байгаа юм уу, ямар гаралтай гэж үзсэн юм, тэр бүхнийг чухалчлах ёстой. Ойрадууд 1648 онд тод үсэг зохион хэрэглэсэн. Тод үсгээр бичсэн 10 гаруй түүхийн сурвалж зохиол байна. Би тод бичгээрх эх сурвалжийг дагнан судалж, эрдмийн зэрэг цол хамгаалсан хүн. Тэдгээр сурвалж бидэнд ирэхдээ хэцүүхэн замыг туулсан байж таарна. Нэмж бичсэн, хоорондоо нийлсэн, нийлүүлсэн гээд олон янз хэлбэртэй. Тэдгээрийг сурвалж судлалын үндсэн аргаар судлаад анхны эх гэж үзсэнээ хэвлүүлсэн. Түүнийг уншаад үзэхээр ойрадууд өөрийгөө хэн гэж үзэж ирсэн нь мэдэгдэж байна. Түүнийг суурилж ойрадуудын түүхийг бичнэ. Мэдээж бусад хэлний сурвалжуудыг үзэж судлана.


-Сүүлийн үеийн Ойрад судлалын талаар олдож буй сурвалж бичгүүд ямар хэмжээнд судлагдаж байгаа вэ?

-“Тод номын гэрэл төв” ТББ-ыг бидний хэдэн нөхөд байгуулаад ажиллаж ирсэн. Одоогоор ойрад судлалын үндсэн боть 117-г гаргалаа. Бусад цувралаар гаргасан номыг тооцвол 200 шахам ном бүтээл гарсан байна. Бусад судлаачдын бүтээл ч гарч байна. Ойрадуудын өөрийнх нь тод бичгээр бичсэн түүхийн зохиолуудыг бараг бүгдийг хэвлэн гаргасан.  БНХАУ-ын түүхийн 1 дүгээр архиваас Манжийн үеийн албан дансуудыг 2000-аад оноос хойш гэрэл зургаар хэвлээд гаргасны дотор “Шинжааны хэрэг явдлын данс” нэртэй 283 боть бүтээл байна. 1730-1911 оны хооронд Манж-Зүүнгар улсын хоорондын харилцаанд холбогдох, бас Шинжаанд явуулсан Манжийн төрийн бодлогыг илэрхийлэх айлтгал, тагнуулын мэдээг багтаасан их чухал сурвалжийн эмхэтгэл юм. Бас Манж-Хасагийн харилцааны данс, Зүүнгар улс Төвөдөд мөргөлчид илгээсэн данс гээд байна. Сурвалжийн илрэлтийг дагаад судалгаа их тэлж байгаа. Ийм нөхцөлд Ойрадын түүхийг арай өөрөөр харах боломж олдож байна. Энэ бүхнийг онцлон хэлэх ёстой. Бид / Тод номын гэрэл төв ТББ/ “Энх-Амгалан хааны бодлогын бичиг” гэж нийтэд хэлэгддэг Манжийн төрийн албан түүхийн 49 дэвтрийг ямар ч хүн унших боломжтойгоор кирилл үсгээр орчин цагийн монгол хэлээр хэвлэн гаргалаа. Тэнгэрийн тэтгэсэн хааны ч гэдэг “Зүүн гарын бодлогын бичиг” 172 дэвтрийг манж, хятад хэлнээс орчуулаад гаргачихлаа. Судлаачид төдийгүй түүх сонирхогчид уншиж ашиглах боломжтой түүхийн сурвалжууд олон боллоо. Судлаачид түүх сонирхогчид адил төвшний мэдээлэл авах боломжтой болно гэдэг олон талын ач холбогдолтой юм.


-Шинэ сурвалжууд судалгаанд орно гэдэг нь судалгаа гүнзгийрнэ, нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тиймээ, тухайлбал, Халх-Ойрадын 1640 оны чуулган Ойрадын нутаг Тарвагатай уулын Улаанбураад /Одоо Казахстаны нутаг Тарвагатайн нуруу/-д болсон гэж бичдэг. Бас зарим нь Монголын Хангайн нурууны Тарвагатайд болсон гэж үздэг. Гэтэл бидний нийтлүүлсэн 1740 оны Манж-Зүүнгарын хилийн хэлэлцээрийн баримтаас үзвэл “Их цааз” баталсан 1640 оны чуулган Халх, Ойрадын нутгийн зааг “Зэрэг, Шар хулсан” /Одоогийн Ховд аймгийн Зэрэг сумын нутаг/ гэдэг газар болсон байх боломжтой. Хил тогтоох гэж Манж, Зүүнгар хоёр 18 жил хэлэлцсэн баримтууд дотор хоёр тал байр сууриа хамгаалан мэтгэлзсэнээс үзвэл. Энэ бол шинэ баримт. Би үүнийг ирэх 8 дугаар сард болох Монгол судлалын олон улсын хуралд илтгэх санаатай. Эрдэмтэд миний илтгэлийг бодитой гэж үзвэл энэ 1640 оны чуулган болсон газрыг “Зэрэг, Шар хулсны чуулган” гэж нэрлэх ч юм уу, гэх мэтээр ойрад судлалд сонирхолтой зүйл элбэг байна.


-Ойрадууд байгаа газар бүрт ойрад судлал хөгжиж байгаа байгаа юу?

-Тиймээ. Ойрад судлалын хэд хэдэн том төв бий. Таван газарт ойрадууд бөөнөөрөө амьдарч байна. Монгол улсад гэхэд баруун 3 аймаг, Улаанбаатар, за одоо хаа сайгүй ойрадууд амьдарч байна. Монгол улсын хэмжээнд Ойрад угсаатны 11 бичил бүлэг байдаг. Ойрадын үндсэн Өөлд, Хошууд, Торгууд, Дөрвөд, Хойд гэсэн 5 аймгаас гадна тэдэнд хамаардаг угсаатны бүлгүүд байна. Монгол улсын хүн амын 10 орчим хувь /300 000 гаруй/-ийг ойрадууд эзэлдэг гэж хэлж болно. Тэднээс хамгийн олон нь Дөрвөд. Дөрвөн ойрад гэдэг эртний ойлголтоор нь үзвэл Дөрвөдийн дотор Баяд, Хотон орно. Торгууд дангаараа, Хошууд цөөхөн ч гэсэн дангаараа, Өөлд буюу Цорос аймгийн хүрээний өөлд, захчин, урианхай, тува гэж байна. Хойд аймагт багтах хойд, мянгад гээд 11 угсаатны бүлэг байна. Ийм ойлголтоор Монгол улсын их дээд сургууль, хүрээлэн, төрийн бус байгууллага ойрад судлалыг хөгжүүлж ирсэн. ОХУ-ын Халимаг буюу Ижил мөрний ойрадуудын 45 хувь нь Торгууд, 45 хувь нь Дөрвөд, 10 хувь нь өөлд, хошууд, хойд байх жишээтэй. Тэнд Халимагийн Их сургууль, Халимагийн судалгааны хүрээлэнгийн судлах 1 дүгээр туг нь ойрад судлал. БНХАУ-ын Шинжаан мужид торгууд, хошууд, өөлд голлоно. Цинхай буюу Хөхнуур муж болон Ганьсу мужийн Сүбэй сианд хошууд голлоно, торгууд, өөлд бага зэрэг бий. Өвөр монголын Алашаа аймагт хошууд голлоно, торгууд, өөлд бага зэрэг бий. БНХАУ-ын эдгээр газруудын Их сургуулиуд ойрад судлалын том төвүүд болдог. Аль ч газар ийнхүү дээрх 5 аймаг их, багаар байж “Ойрад монголчууд” гэдэг их савыг бүрдүүлдэг юм.


-Дөрвөн Ойрадын нутаг дэвсгэр дээрх хаант засаглалын хэлбэртэй нь Зүүнгар улс, тийм үү?

-Дөрвөн Ойрад яваандаа 3 газарт хаант улс байгуулсан. Ижил мөрөнд суусан ойрадууд Торгууд хаант улс гэж байгуулсан нь 1654-1771 хүртэл оршин тогтнов. Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг ойрадууд эзлэн суусныг Хошууд хаант улс гэж нэрлэдэг. Тэд 1642-1718 он хүртэл оршин тогтнов. Харин Эдгээр улсуудын үндэс суурь нь нөгөө таван аймаг буюу дөрвөн ойрад шүү дээ. Дөрвөн ойрад өөр хоорондоо худ ургийн гүн холбоотой, нагац зээгийн хэлхээтэй. Дөрвөн ойрад хоорондоо байлдаад байсангүй, ийм асуудал байсан ч маш бага. Харин хошууд аймаг дотроо, цорос аймаг дотроо байлдаж зөрчилдөх нь элбэг. Ер нь их сонин системтэй. Түүнийг тайлж унших хэрэгтэй. Дөрвөн ойрадын засаглалын байгууламж нь чуулган. Чуулган нь 17-р зуунаас эхлээд дотроо баруун зүүн гэсэн хоёр гартай болсон. Энэ үед Халх монгол ч гэсэн тийм бүтэцтэй байсан. Зүүн гарын чуулган буюу Цорос аймаг хүчирхэгжин хаант улс байгуулсан учир Зүүнгар улс гэсэн нэрийг авчээ. Дараа нь бусад ойрадууд нь Цоросыг зүүнгар гэх болсон байгаа юм. Манжууд ойрадуудыг нийтэд нь Өөлд гэж нэрлэнэ. Хожим Ойрадын олон аймгийн утга учир, өөр хоорондын ялгааг мэдсэн учир Цоросуудыг өөлд гээд бусдыг нь тус тусад нь дуудах болжээ. Гэхдээ нийтэд нь дууддаг өөлд гэдэг нэр данс хараанаас салаагүй үлдсэн юм. Иймээс зарим үед өөлд, цорос, зүүнгар гэдэг нэр нэг л утга буюу өөлдийг зааж байгаа юм. Дөрвөн Ойрад нь дотроо 40 отогтой, нэг ойрад 10 отгоос бүрддэг нь 16-р зууны сүүлч, 17-р зуунаас эхэлжээ. Хошууд, Цорос, Торгууд нь дангаараа, Дөрвөд, Хойд хоёр 6:4-ийн харьцаагаар 10 отгоо бүрдүүлж нэг ойрад болж байсан үе бий.


-Бид одоогийн нэг аймгийн хэмжээнд Дөрвөн Ойрадыг ойлгож байгаа учраас алдаа гарч ирээд байна уу?

-Тийм байна. Гэтэл тэр Хошууд гэдэг нэр дор олон аймаг гарч ирж байна. Торгууд, Дөрвөд гээд толгой аймгаараа нэрлэгдсэн олон аймгуудын нэгдэл байжээ. Бидний судалгаагаар Дөрвөн ойрад бол Чингис хааны хөвгүүдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн суурин дээрээс босч ирсэн аймгууд 16-17-р зуунаас яригддаг. Хошууд аймгийг судлаад үзэхэд Цагаадайн улсын дундаас гарч ирсэн. Хошууд аймгийн ноёд өөрсдийгээ Галгас овогтой гэдэг. Нилээд хожуу Манжийн үед Хавт Хасарын удам, Хорчин аймгаас салж нүүсэн гэж бичээд байгаа. Энэ бол нилээд хожуу л бичиж байгаа түүх шүү дээ. Зүүн монголоос тийшээ хийсэн Их нүүдэл байхгүй. Тийм учраас бусад түүхэн сурвалжаар батлагдахгүй. Хорчин аймаг, Хасарын хойчист ч гэсэн тийм юм бичсэн сурвалж байхгүй. Миний үзэж байгаагаар энэ Хошуудууд Или голын хөндийд угаасаа байж л байсан. Тэр бол Цагаадайн улсын үндсэн нутаг. Ойрадын том холбоо байгуулагдахад тэндээс орж ирсэн. Хошуудын дээд ноёдын нэр гэхэд Буубай мирза, Байбагас гээд исламжсан, түргэжсэн ард түмний нэрс байгаад байдаг. Ойрадууд одоо хүртэл цагаан гэдэг нэрийг цээрлээд л гялаан гэдэг. Манай хааны нэрийг цагаан гэдэг байсан учир ингэж цээрлэн хэлдэг гэж ярилцдаг. Торгууд өөрсдийгөө Хэрээдийн Ван хааны хойчис гэж үздэг. Ван хаантай холбосон ноёдын угийн бичигтэй. Хэрэйдийн том бүлэг аймгаас үлдсэн байж магадгүй. Хойд аймгийн ноёдууд Их мянган гэдэг овгийнх. Чингис хааны үед байгуулсан 4 мянганы голлох мянган нь Их мянган гэж бичиж ирсэн. Чингис хаантай гурван үе дараалж ураг барилдсан учраас цагаан ястай болсон улс гэж өөрсдийгөө үздэг, бичдэг ард түмэн. Цорос, Дөрвөдүүд нь Аригбөх, Хубилайн хоорондын тэмцлийн явцад ойрад аймгууд дээр суурилан үүссэн. Цорос гэдэг шинэ угсааныхан тэднийг удирдсан. Явцын дунд дотроо Цорос, Дөрвөд гэж хуваагдсан ах дүү хоёрын удирдсан аймаг юм. Ойрад гэдэг чинь нэг их холоос эрж хайгаад байх зүйл биш. Ерөөсөө л монголчуудын газар нутаг дээр байсан, түүхийн явцад өрнөсөн том том үйл явдлын дунд өөрчлөгдөж хувираад байсан аймгийн холбоо. Эхэндээ уг гарал ойрхон аймгууд байсан байх. Дараа дараагийн үед цэргийн холбооны шинжтэй болсон байх. Засаглалын хувьд чуулганы зохион байгуулалттай, хамтран чуулж аль чадалтай, сурвалжтай хүнээр ахлуулаад чуулна. Ойрадууд эрх мэдлээ дотроо хуваарилаад, гадаад харилцаагаа хянаад явж ирсэн түүхтэй.


                                   Дөрвөн Ойрадын баруун, зүүн гаруудын хоорондын зөрчил 1672 оноос эхтэй


-Ойрадын чуулганы энэ тогтолцоо хэр зэрэг урт хугацаанд үргэлжилсэн юм бэ?

-Тогоон тайшийн үед 1437 онд засаглалын шинэ бүтэцтэй, Цорос аймгаар толгойлуулсан чуулган гараад ирсэн юм. Чуулган гэдэг хурал гэдэг утгаар бус засаглалын хэлбэрийг илэрхийлсэн зүйл. Хаант засагтай бол хаан шийдвэр гаргана. Гэтэл 4 аймаг оролцож асуудлаа хэлэлцдэг нэг ахлагчтай чуулганы тухай энд яриад байна. Ойрадын чуулганы бүтэц, дүр зургийг дараах нэг түүхэн үйл явдлаас харж болно. Тухайлбал, 1616 онд дөрвөн Ойрадын чуулганыг Хошуудын Байгагас баатар ахалж байсан. Нэг удаагийн хурлаар ойрад даяараа бурхны шашинд орох тухай хэлэлцжээ. Нийт дөрвөн ойрадыг төлөөлж 32 ноён сууж байна. Өөрөөр хэлбэл, 32 ноён зэрэгцэж сууж байгаад бурхны шашинд орох шийдвэр гаргасан байгаа юм. Энэ 32 ноён нэг, нэг хөвүүнээ лам болгохоор шийдвэрлэжээ. Дөрвөн ойрадад хэрэглэж байсан чуулганы энэ систем Галдангийн үед байхгүй болсон.


-Яагаад...

-Нэг хэсэг нь Ижил мөрөн, нэг хэсэг нь Хөхнуур, Төвд рүү нүүсэн энэ үед чуулган дотроо баруун, зүүн гартай болжээ. Дөрвөн ойрадын баруун, зүүн гаруудын хоорондын зөрчил 1672 оноос эхэлсэн юм. Тэр хүртэл Очирт цэцэн хан баруун гарыг тогтвортой, он удаан удирдсан бол зүүн гарыг Баатар хунтайж, Сэнгэ хунтайж, Галдан хунтайж захирч иржээ. 1666 онд Очирт тайжид Төвдийн Далай ламаас хан цол олгоод баруун, зүүн гарын байр суурьд өөрчлөлт оруулжээ.


-Ойрадын энэ зөрчилд шашны нөлөө орсон тухай таны ярианд гарлаа. Шашны оролцоо ямар хэмжээнд байсан юм бэ?

-Очирт цэцэн хан буюу Хошуудын ноёдын шууд ивээл дор Зая бандидын тэргүүлсэн ойрадын Их хүрээ хөгжиж байсан юм. Зая бандида Намхайжамцыг 1662 онд нас барсны дараа Далай ламаас хойт дүрийг нь Төвөдөд тодруулжээ. Ойрадууд Зая бандида Намхайжамцын хойт дүрийг уг нутагтаа залж, Ойрадын их хүрээнд суулгах гэж Далай ламаас маш их гуйсан байдаг. Далай лам “эндээ байж ном сураг” гээд өгсөнгүй. Төвөдтэй Ойрадыг хамааралтай байлгаж, тэднийг өглөгийн эзнээр цаашид байлгах гэж тэд хүссэн байна шүү дээ. Энэ бол шашин, бас улс төрийн том бодлого. Төвөд, Ойрад хоёрын харилцаа баруун гар буюу Хошуудын ноёдоор дамждаг байсан байна. Монголд шашин дэлгэрүүлж явсан Энсээ хэмээх Төвөдийн том хутагт 1644 онд нас барсан. Түүний хойт дүрээр мөн онд төрсөн Баатар хунтайжийн 6 дугаар хүү Галданг тодруулсан юм. Энэ нь ч Төвөдийн алсын бодлого юм.


-Галдан бошогтын Төвөдөд шашны ном үзсэн явдал эндээс эхтэй байх нь ээ....

-Галданг ном үзэхээр 1651 онд явсан гэдэг юм. Гэхдээ тэр түүнээс арай хойно, том болсон хойноо явсан байна. Бидний судалгаагаар 13 насандаа 1656 онд явжээ. Галдан тэнд маш идэвхтэй ном үзжээ. Төвөдийн шашин, төр барих арга ухаанд маш сайн суралцаж, засаглал нэг гараар явах юм бол ямар болох, Ойрадын олон зуун жил болсон чуулганы систем цаг үеэ өнгөрөөжээ гэдгийг олж харсан байна. Яг энэ үед 1670 онд Сэнгэ ах нь бусад ах нартаа алагдсан. Тэгээд нутагтаа ирэхдээ олон янзын шийдэлтэй ирсэн хүн байна.


-Төвөдөөс ном үзэж нүд тайлсан хүн ирж байгаа хэрэг шүү дээ...

-Шашны ном үзсэн, өндөр боловсролтой хүн юмыг өөрөөр харж байна шүү дээ. Тэрээр 1676 оны эцсээр Зүүнгар хаант улсыг байгуулжээ. Түүний дараа Монгол-Ойрадын 1640 оны Их цаазад 3 удаа шинэчлэл хийсэн байгаа юм.


-Хуульд өөрчлөлт оруулаад байна гэсэн үг үү?

-“Захиа зарлиг” гэдэг нэртэй нэмэлтүүд хийгээд байна гэсэн үг л дээ. Засаг захиргаа, засаглалыг тайж нар барьж байдгийг болиулсан байна. Хаанд шууд захирагддаг “отог” гэдгийг байгуулжээ. Том тайж нарын мэдэлд байх харьяатуудыг “анги” хэмээн нэрлэж хааны харьяатаас салгаж өгсөн. “Отог” нь  40 өрхөөс бүрдэх бөгөөд түүнийг “дөчин” гэнэ. Дөчнийг дэмч ахална. Дайн самууны хөлд нэрвэгдсэн, өвдөж ядарсан хүмүүст дэмч нар анхаарал хандуулахыг, энэ үүргийг маш сайн биелүүлэхийг шаардсан. Урьд нь Тэнгэр уулын өмнө тал болон Хива, Кокандаас авчирч тариа тариулдаг анжиан /узбек/, хотон /уйгар/, бурууд /киргиз/, бухар хүмүүсийн өөр хоорондын болон нутгийн иргэдтэй хэрхэн харилцах, тэдний хооронд үүссэн зарга хэргийг хэрхэн шийдэх асуудлыг ч тусгасан. Их цаазын шинэчлэлд “Их заргыг дээр шийднэ, бага заргыг өөрсдөө шийднэ” гэдэг байдлаар тусгасан байдаг. Онц эрхтэй бэдрэг /худалдаачид/ хэмээх бүлгийг байгуулсан. Бухар гаралтай бэдрэг /худалдаачид/ нарыг улсын дотор чөлөөтэй явах эрхээр хангаж, худалдаа хийлгэсэн байна. Тэд нэг жилд тодорхой тогтоосон татварыг хааны санд төлөөд чөлөөтэй худалдаа хийнэ.


-Зүүнгар улсад явуулж байгаа шинэчлэлүүд шүү дээ. Тийм ээ...

-Тийм, улсын дотор хийж байгаа шинэчлэлийг энд товч дурдаж байгаа юм. Улсын хэмжээний засаг захиргааны шинэчлэл нь давхар нийгмийн хамгааллын бүтцийг бий болгож байна шүү дээ. Худалдаа гэдэг чинь эдийн засаг биз дээ. Бэдрэгүүд унаа хөсгөө өөрсдөө хариуцна. Тэдний бараа, турууг дээрэмдэх явдал гарахгүй, төр хамгаална. Бэдрэгүүдэд зөвхөн хүн худалдаалахыг хориглож байсан байна. Галданы ийнхүү үндэслэсэн худалдааны систем үүнээс хойш 60-70 жилийн туршид эдийн засгийн хувьд Зүүнгар улсыг мундаг бэхжүүлсэн байдаг. Галдан хаант улсын суурийг маш сайн зөв тавьж өгсөн байна. Галдан бол тухайн үедээ гадна талдаа түшиг болох гол хүнийг Далай лам гэж үзэж байсан нь ойлгогддог. Тэнгэр уулын өмнө бэлийн Уйгарт шашны урсгал хоорондын зөрчил даамжирч нэг хэсэг нь нөгөөдөө цохигдоод ирэхээр Далай ламаас тусламж гуйсан байдаг. Далай лам Галданд “энэ улсуудын асуудлыг шийдэж өг” гэж элч илгээжээ. Галдан Уйгарын тэр олон хотыг 2 жилийн дотор эзэлж аваад Далай ламд өргөн барьсан юм билээ. Ер нь Галдан Уйгарын шашны асуудал дээр их сонин бодлого барьсан байдаг. Уйгурын шашинд их асуудал байна гэж үзсэн үү, шашнаас болж ард иргэд нь маш их зовж байгааг бурхны шашны хутагт хүний үүднээс харсан уу, бурхны шашин хүлээж авахыг тулгасан бололтой байдаг. Би тэгж харж байна. Хасгуудыг 1680-аад онд хараандаа аваад Хасагийн Тауке хааны хүү тэргүүтэй тайж нарын хөвгүүдийг Далай лам руу явуулсан байгаа юм.


-Бурханы шашны ном сургах гэж байгаа хэрэг үү?

-Магадгүй. Галдан бол бурхны шашны том хутагт хүн шүү дээ, шашин дэлгэрүүлэх үйлс ч байж магадгүй. Хасагууд угаасаа нүүдэлчид, бөө мөргөл гээд явж байсан ард түмэн, цаад хүмүүс шиг өөр шашинд хүчтэй нэрвэгдээгүй байсан үе. Галдангийн авч хэрэгжүүлсэн өөр нэг шинэчлэл бол өрлөг, хошууч, тайш зэрэг өвөг дээдсээсээ өвлөн, өөртөө нааж сүр хүчээ харуулдаг язгууртны цол хэргэмийг хүчингүй болгожээ. Түүний оронд их, дунд, бага ноён гэдэг нэр томьёо гаргаж ирсэн юм. Эдгээр шинэчлэл Галданцэрэн, Цэвээнравдан гээд хойшоогоо их сайн явсан юм билээ. Хэдэн том язгуур угсаатай ноёдыг аймагтай нь үлдээсэн, гэхдээ тус тусад нь “анги” гэж нэрлэсэн байдаг л даа. Галдан Халх болон Өвөр монголд шашны хутагт, хувилгааны хойт дүрийг тодруулдаг тогтолцоог хүлээж авсангүй. Төвөдөөс Зая бандидын дараагийн дүрийг гуйсангүй. Харин ч Ойрадын их хүрээний хөгжлийг хязгаарлан зогсоож, шашны сургалт, сургууль, дацанд суурилсан төвөд маягийн загварыг шинээр хөгжүүлсэн байна. Үүнээс гадна шашны хөгжлийн асуудлыг төрийн анхааралд авчээ. Галдан таван жас байгуулж, жас бүрийг газар нутагтай, харьяалах хүн ардтай, сүм хийдийн хэрэгцээг хангагч байдлаар хөгжүүлсэн байдаг. Улс төрийн хямралын гол асуудал бол эцгийн өмчийг хөвгүүдэд хуваах явдал. Үүнээс болж олон зөрчил тэмцэл гарч байжээ. Галдан өмч хуваах талаар хууль гаргах гэж байгаад амжаагүй гэж Ижил мөрний ойрадын түүхч Гаваншарав харамсан бичсэн байдаг.


-Тухайн цаг үед амьдарч байсан, үйл явдалд оролцож явсан түүхч Гаваншарав гэдэг хүний бичиж үлдээсэн тэмдэглэл гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Гаваншарав 1737 онд бичснийг харахад Галдангийн шинэчлэлийн цар хүрээ, хийж байсан зүйлийг үнэлэх хугацаа яг мөн. Ойрадад эртнээс өмчөө булаалдах зовлонгоос үүдсэн дотоодын хямрал тэмцэл дээд цэгтээ хүрч байсан. Бараг аймаг дотроо их зөрчилддөг гэж би дээр хэлсэн. Гол нь өмч, албат ардаа хэрхэн хуваахаас болж байгаа хэрэг. Галдан түүнийг шийдэх гэж яваад амжаагүй байна. Галдангийн шинэчлэлийн цар хүрээ их. Хаан болсон хүн явах тусам нэр сүр олсон. Ойрадын дотоодод засаг захиргаа, хууль цааз, нийгмийн хамгаалал, худалдаа эдийн засаг. Уйгарыг тохинуулж, баруун хил орчмын улсуудад хараа хяналт тогтоогоод. Далай лам “Данзан бошогт хан” буюу “Шашныг баригч хутагт хаан” цол өгчээ. Манж чин улс хүлээн зөвшөөрч элчийн болон түүнийг дагалдсан худалдааны өргөн харилцаа тогтоож байсан байх юм. Манжийн хаантай тэр өндөрлөгөөс харьцаж эхэлсэн. Манжууд, танайхаас маш олон элч /тайж болгон элч илгээж байсан/ ирж байна. Бид чиний хүнийг яаж таних юм бэ гэж асуусан байдаг. Галдан “надад гурван тамга, нэг тэмдэг байна” гэж асуултад хариу өгсөн байгаа юм. Хойт талдаа Хаант Орос улстай харилцан ашигтай харилцаатай байхыг хичээсэн байдаг.


-Бусад Ойрадуудтай хэрхэн харилцаж ойлгоцсон бол?

-Галдан 1679 онд бүх Ойрадын чуулган хийсэн. Торгуудын Аюук хааны хүү Жамц гэдэг ноён, Далай ламын элч Жарбуни, Хөх нуурын ноёдын элч ирсэн. Хөхнуурыг 1637 онд эзлэхэд бүх ойрадууд цэргээ оруулсан, тэр хэмжээгээрээ ойрадууд Хөх нуурын газар нутгаас хувь эзэмшилтэй болсон байдаг. Тэр хувь эзэмшлийг 1679 оны чуулганаар заримыг нь Далай ламд өргөж, хол байгааг нь тэнд нь эзэмшүүлж шийдсэн юм. Зүүнгар улсыг бусад ойрадуудаар зөвшөөрүүлж бие даасан байдалтай улсууд цаашид яаж харилцах аргаа сонгосон, тийм том чуулган болж дээ. Галдангийн хүч түүнээс хойш улам нэмэгдэж Уйгарыг эзэлж, гар үйлдвэр, газар тариалан хөгжүүлжээ. Уйгарын ноёдыг Зүүнгарын хааны хажууд орд өргөөтэйгээ нүүж сууж байхаар буюу барьцаанд байлгах байдлаартэднийг удирдах болжээ.


-Зүүнгар улсын тухай илүү дэлгэрүүлэх үү?

-Зүүнгар улсын тухай яривал өргөн, урт яриа болно. Зүүнгар тусдаа том сэдэв, иймээс энэ удаа завсарлаад дараа тусад нь ярьсан дээр ээ...

Холбоотой мэдээ