Монгол Улс, Гүрж Улсын ГХЯ хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-06-02 13:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гүрж Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо болов.


Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Гүржийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, чингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, олон улсын авто замын тээврийн хэлэлцээр, иргэд харилцан зорчих визийн шаардлагыг хөнгөвчлөхөд чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, аялал жуулчлал, спортын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.


Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилтуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, туршлага солилцоог идэвхжүүлэх эрмэлзлээ талууд нотлов. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож, түүнийг бэхжүүлэхээ талууд илэрхийлэв.


Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг, гүржийн талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Александер Нарбалдов нар тэргүүлэв.

Холбоотой мэдээ