Цагааннуур-Ташанта шалган нэвтрүүлэх боомтыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-03 12:31:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад томилолтоор ажиллаж, Горно-Алтайск хотын дэргэдэх байрлах “Манжерок” цогцолборт хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан “Эко Алтай. Байгалийн торгон утас” олон улсын чуулга уулзалтад оролцов.


Чуулга уулзалтын хүрээнд Оросын болон олон улсын байгаль орчны асуудлын гол чиглэлүүдийг агуулсан 16 сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулсан бөгөөд Элчин сайд Ө.Энхтүвшин тус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон “Монгол дахь экосистемийн зарим асуудал” сэдвээр илтгэл тавив.


Чуулганы нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм, хүний ​​эрхийг хамгаалах зөвлөлийн дарга В.Фадеев, Төрийн Думын Экологи, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах хорооны дарга Д.Кобылкин, Бүгд Найрамдах Алтай Улсын тэргүүн О.Хорохордин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах сайд А.Худык болон албаны бусад хүмүүс оролцсон байна.


Мөн Элчин сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Алтай Улсын тэргүүн О.Хорохординтэй 9 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын аймгууд болон Бүгд Найрамдах Алтай Улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой асуудлуудыг хэлэлцэв. Тухайлбал, Цагааннуур-Ташанта шалган нэвтрүүлэх боомтыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэж, Горно-Алтайск хотын нисэх онгоцны буудалд барихаар төлөвлөж буй олон улсын терминалын хүрээнд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.


Чуулга уулзалтын дараа Элчин сайд Ө.Энхтүвшин тэнд хүрэлцэн ирсэн МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн профессор, доктор Р.Самъяа, Д.Лхагвасүрэн нарын хамт Бүгд Найрамдах Алтай Улсын Маймины дүүрэгт нээгдсэн цоохор ирвэс хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцав.

Холбоотой мэдээ