Г.Билгүүдэй: Чингис хааны үнэн түүхийн бичээс
ТОЙМУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор, “Монголын нууц товчоо” судлаач Г. Билгүүдэйтэй уулзаж ярилцлаа.
Есүхэй баатар Тэмүжин-үгэ, Хори буха тэргүүтэн Татаарыг олзолж ирэхэд Тэмүжин төрсөн гэж цаг хугацааг тэмдэглэсэн
-Чингис
хааны төрсөн өдрийн талаар “Нууц товчоо”-нд ямар ямар баримт мэдээлэл дурдагддаг
юм бэ?
-“Монголын нууц товчоо” нь түүх, уран зохиолын хосгүй гайхамшигт дурсгалт бичиг
гэдгийг бүгд хэлдэг, мэддэг. Гэхдээ юун тухай өгүүлсэн, ямар ном юм бэ гээд
аваад үзэхээр яах аргагүй Чингис хааны нэгэн насны намтар түүх гардаг зохиол.
Эхний хэсэгт тэнгэр язгуурт Бөртө Чоно Ухаа Маралын хөвгүүн Бадачи хан /Батцагаан/,
Бадачи ханы хөвгүүн Тамача гээд л Чингис хаан хүртэл 22 үеийн удам угсааг ам
дамжуулан уламжилж байсныг энэ бичигт тэмдэглэн үлдээжээ. Ийм маягаар Монголын
400-500 жилийн түүх “Нууц товчоо”-нд багтжээ гэж судалсан эрдэмтэд ярьдаг л
даа.
Манай түүхч
эрдэмтэн Хөдөөгийн Д.Пэрлээ Бөртэ Чоно бол түүхэн хүн байсан гэх санаагаар
“оргүйгээс охинтой нь дээр” гэж хэлээд нэгэн өгүүлэл бичсэн. Бөртөө чоно Гоо
марал хоёрыг монголчуудын онгон шүтээний нэр “тотем” гэж манай хэл шинжлэлч,
аман зохиол судлаач нар тэгж үздэг. Монголчуудын үлгэр домогтой ч тэгж
холбогддог. Гэтэл Бөртэ Чоно бол түүхт хүн учраас ямар нэг цаг үед амьдарсан
байж таарна. Тэгэхээр “Нууц товчоо”-нд бичигдсэн 22 үеийг урагшлуулан хөөгөөд
Бөртэ Чоно наймдугаар зуунд /747 он/-д амьдарч байсан гэж Хөдөөгийн Д.Пэрлээ
тооцоо багцаа гаргасан байдаг.
-Энэ
бол “Нууц товчоо”-г зохиолын хувьд уншиж судлаад гаргаж ирж байгаа эрдэмтдийн
гаргалгаа шүү дээ. Тийм ээ?
-“Нууц
товчоо”-нд төдийд, өдийд гэж бичээгүй. Гэхдээ тэндээс эндээс ингээд явжээ гээд
эхийг нь тогтоогоод байгаа хэрэг шүү дээ. Энэ бол нэг асуудал. Чингис хааны
дээд эцэг өвөг ямар улсууд байсан юм бэ гэдгийг “Нууц товчоо”-ны 1 дүгээр
зүйлээс эхлээд 58 дугаар зүйл хүртэл бичсэн байгаа. Есүхэй баатрын Татаартай
байлдсаны дараа Чингис хаан төрсөн тухай 59 дугаар зүйлд:
“Тэнд Есүгэй-баатар
Татаарын Тэмүжин-үгэ Хори буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс тэнд Өгэлүн
үжин хээлтэй бүрүүн /байж/ Ононы Дэлүүн болдогт бүхийд зөв тэнд Чингис хаан
төржээ. Татаарын
Тэмүжин-үгэг авчирсанд төрөв хэмээн Тэмүжин нэр өгөхүй тийм” гэж бичсэн. Аман
эх сурвалжаас эхтэй учраас энд он сар өдөр бичсэнгүй.
-“Нууц
товчоо” аман эх сурвалж бичгийн хэлбэрт шилжиж байгааг гэрчлээд байгаа хэрэг
үү?
-Үгүй
ээ, “Нууц товчоон”-д тэмдэглэгдсэн зүйл нь аман эх сурвалжаас эхтэй болохыг яриад байна. Хабул хааны дараа Амбагай хаан
сууж Татаар аймагт охиноо хүргэж өгөхөөр очоод Татаар нарт баригдан Алтан
улсад хүргэгдэн модон илжигэнд хүлүүлэн цаазлуулахдаа хэлүүлсэн үгэндээ “Хамгийн
хан улсын эзэн болж охиноо өөрөө үдэхийг надаар гэсгээгтүн. Татаар иргэнд
баригдав би. Таван хурууныхаа хумсыг тамттал, арван хуруудаа хуултал хачи минь
авран соригтүн” гэж өшөө авахыг гэрээслэн захив. Хотол хаан болоод Хадаан тайж
хоёр Татаар иргэнд морилж, Татаарын Хөтөн бараха, Жали буха хоёртой арван
гурвантаа хатгалдан байлдсан боловч “Амбагай хааны “өшил өшин хясал хясан ядав”
гэдэг. Тэгэхлээр Монгол Татаар хоёр аймгийн хэн хэн нь бие биенээ дийлээгүй энэ
олон байлдааны үеэр Есүхэй баатар Татаарын Тэмүжин-үгэ, Хори буха тэргүүтэн
Татаарыг байлдан дагуулаад олзолж ирэхэд Тэмүжин төрсөн гэж цаг хугацааг ингэж
тэмдэглэсэн юм. Тэмүжин төрөхдөө “баруун гартаа шагайн төдий нөж атгаж төрөв”
гэж онцолсон мэдээг ч дурджээ.
Тэгээд
дараагийн 60 дугаар зүйлд цаг хугацааг Есүхэй баатрын хөвгүүд охин хэдэн настай
байснаар үзүүлсэн. “Есүхэй баатрын Өгэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун,
Тэмүгэ эд дөрвөн хөвгүүд төрөв. Тэмүлүн нэрт нэгэн охин төрөв. Тэмүжинийг есөн
наст бүхийд Жочи Хасар долоон наст бүлгээ. Хачиун элч таван наст бүлгээ. Тэмүгэ
отчигин гунан наст бүлгээ. Тэмүлүн өлгийтэй бүлгээ” гэж бичсэн байдаг. Энд бас
тэд эдэн онд гэж тодорхой бичээгүй Тэмүжинг 9 настай байхад дүү нэр төд төдөн
настай байсан гэх байдлаар цаг хугацааг тэмдэглэсэн нь мөн л аман уламжлалаас
эхтэй байгаа нь илэрхий.
“Нууц
товчоо”-ны ихэнх хэсэг нь тухайлбал 59-268 дугаар зүйл хүртэл цэвэр Тэмүжин-Чингис
хааны тухай өгүүлсэн хэсэг байдаг. Энэ хэсгийн төгсгөлд 268 зүйлд “гахай жил
(1227 он) Чингис хаан тэнгэрт гарав” гэж Чингис хааны нас барсныг хүндэтгэлийн
үгээр товч хэлжээ. Нийт 282 зүйлтэйгээс 210 зүйл нь Тэмүжин-Чингис хаанд
зориулагдсан байна. Ингэхлээр энэ хэний тухай зохиол болох нь тодорхой байгаа
биз дээ. Чингис хааны нас барсан гахай жил 1227 он байсан гэдэг дээр харин дэлхийн
нийтээрээ ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрсөн он цаг болно. Энэ он цагийг “Нууц
товчоон”-оос гадна бусад түүхэн сурвалжуудаас 1227 оны 8 дугаар сарын 15-нд
Тангад улсын Түрэмгий балгасанд нас барсан гэж тогтоосон байдаг.
Чингис хааны эш хөрөг
“Нууц
товчоо”-ны эхний хагаст цаг хугацааны хувьд одоогийн бидний ойлгодог шиг
тодорхой сар өдөртэй баттай гэж хэлж болох баримт огт байхгүй. Ер нь “Нууц
товчоо”-ны хоёр дахь
хэсэг тухайлбал 141 дүгээр зүйлд “тахиа жил /1201 он/” гэж он цагийг 12 жилээр
нэрлэсэн зүйл анх удаа гарч ирнэ. Энд 1201 онд олон монгол
аймгууд 13 хүрээ болж Чингис хааны эсрэг тэмцэхээр нэгдэж Жамухаг Гүр хан
өргөмжилсөн тухай өгүүлдэг.
-Зохиолд
гараад байгаа аман хэлбэрүүдээс хэлэх үү?
-“Нууц товчоон”-ы эхний хэсэгт Чингис хааныг
бага залуу насны үйл явдлыг амаар хэлцэж байсны баримт болсон жишээ нэлээд бий.
Жишээлбэл, 76 дугаар зүйл “Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэктэр, Бэлгүтэй дөрвөн
хамт сууж” гэдэг ч юм уу, эсвэл 90 дүгээр зүйл “Нэгэн өдөр шарга агттан найман
морьд гэрийн дэргэд байж бүхийг дээрэм ирж үзтэл дээрэмдэж зорчив” гэж
гэрийнх нь гадаа байсан морьдийг дээрэм ирээд аваад явлаа гэж гардаг. Энэ нь яг
хэзээ вэ гэдэг нь мэдэгдэхгүй “нэгэн өдөр” гэсэн холбоосоор илэрч байна. Тэр
дээрэм ирээд явахад гэрт буй хүмүүс хараад хоцорч буй. Учир нь уян дээр байсан
ганц морь огтор дарги хонгорыг Бэлгүтэй унаад тарвагачилахаар одсон тул бүгд
унах морьгүй явган байжээ. За тэгээд орой нар шингэх гэж байхад Бэлгүтэй морины
нурууг хотойтол тарвага ганзагалаад... Тайчууд Өгэлүн эхийг өнчин хоцорсон
хөвгүүдтэй нь нутагт нь орхин нүүсэн үед эд нартай тохиолдож буй үйл явдал. Найман
шарга агттан морьдын хойноос нэхэх хэрэг гарахад Бэлгүтэй, Хасар нар би нэхнэ
гэцгээхэд Тэмүжин та нар чадахгүй би нэхнэ гээд огтор дарги хонгорыг унаад Тэмүжин
өөрөө нэхэхээр явсан. Энд бас л цаг хугацааг тодорхой заасан юм байхгүй. Гэлээ
гээд цааш юу болов гэхээр Тэмүжин найман шарга агттан морьдыг мөрдөн нэхсэн
тухай нэлээд нарийн ширийн зүйлийг яриад байгаа өнгө аястай зүйл гарна. Тэмүжин
“өвсний налархайгаар” гурван өдөр шөнө мөрдөж яваад хэсэг адууны дэргэд гүү
сааж буй Боорчитой таарч танилцан унаж яваа морьдоо юүлж унаад Тэмүжин Боорчи
хоёр цааш дахин 3 өдөр шөнө явж дээрэмдүүлсэн адуугаа эргэн олж ирсэн тухайд их
л тодорхой нарийн ширийн зүйлстэй аман өгүүллэг “Нууц товчоо”-нд тэмдэглэгдэн
үлджээ. Энэ нь хэн нэгэн хүний энгийн ярианд “тэр жилийн тэр үед” гэсэн аман
ярианы шинжтэй төстэй байна.
-Онцлог
үйл явдлууд гэж таны ярьсан зүйлийг үзэж болно биз дээ...
-Онцлог болсон явдлыг ар араас нь залгуулан бичсэн
гэх энэ найруулгын онцлогийг бүр 1961 онд Ш.Гаадамба эрдэмтэн болсон ажилдаа
хоорондоо олон жилийн зайтай үйл явдлыг ар араасаа дараалан болсон мэт болгон
хүүрнэх аргыг хэрэглэсэн гэж үзсэн. Энэ бүх онцлох үйл явдлуудыг “нэгэн өдөр”,
“хавар болов”, “түүний хойно”, “тэр өвөл” гэх мэт холбоос ашиглан Тэмүжин,
хожим нь Чингис хааны ахуй амьдралд тохиолдсон үйл явдлыг тасралтгүй үргэлжилж
байсан мэт бичсэн байдаг. Иймээс Чингис хааны амьдралын эхний хэсгийн үйл
явдлыг нарийн заасан он сар өдөр байхгүй. За үүнээс болоод Чингис хаан хэзээ
хаана яасан бэ гэдэг асуудал судлаач хүмүүсийн өмнө тулгардаг байна. Гадаад, дотоодын
судлаач нар бол ганцхан “Нууц товчоо” ч биш, өөр бусад олон сурвалж, түүхэн
зохиолд дурдагдсан баримт сэлтийг нийлүүлэн хашиж байгаад ийм тийм үйл явдал
тэр энэ онд болсон байна гэж тогтоодог.
“Нууц
товчоон”-д Тэмүжин төрсөн тухай мэдээ ч бас аман өгүүлэмжийн шинжтэй учраас
Тэмүжин-Чингис хаан яг хэзээ төрсөн бэ гэх асуултад тодорхой хариу өгөх
боломжгүй байна. Харин төрсөн газар нь бол Онон голын хөвөөнөө Дэлүүн болдог
гэх газар төрсөн гэж тодорхой заажээ. Харин төрсөн цаг хугацааг тухай үед
тохиолдсон онцлог үйл явдлаар Есүхэй баатар Татаарын Тэмүжин-үгэ, Хори буха хоёрыг
олзлон Онон голын Дэлүүн болдогт ирэхэд Өгэлүн-үжин яг тэнд бие давхар байж
байгаад хүү төрүүлсэн гэж багцаа хам цагийн байдлаар үзүүлжээ. Иймээс
Тэмүжин-Чингис хаан яг хэзээ төрсөн бэ гэдэг дээр нэгдсэн нэг ойлголт байдаггүй
байна. Ингээд Чингис хааны төрсөн оныг 1155, 1162, 1167 он гэх мэт янз бүрийн саналыг
судлаач эрдэмтэд дэвшүүлдэг.
Алтан ургийн ноёд 1228 онд Чингис хааны гэрээсийг биелүүлж дараагийн хааныг өргөмжлөх “их хурал-да” бол засгийн эрхийг шилжүүлэх монгол ёс заншлын зүйл байв
-Чингис
хааны төрсөн өдрийг судлах судалгаа
хэзээнээс эхэлсэн байж болох вэ?
-Юуны
түрүүнд “Нууц товчоо” хэзээ анх бичигдсэн бэ гэх асуудал чухал л даа. Бидний
бодлоор “Нууц товчоо” гэх энэ бичиг Чингис хаан нас барсны дараа үйл явдлын
халуун мөрөөр бичигдсэн зохиол. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Чингис хааны
дараачаар Их Монгол Улсын хааныг сонгохоор 1228 оны зун Хэрлэний Хөдөө аралд
алтан ургийн ноёд хуран цуглаж байсан тэр цагт анх зохиогджээ. Иймээс “Нууц
товчоон”-ы төгсгөлийн үгэнд дурдагдаж буй “хулгана жил хуран сардаа” гэх үг бол
1228 оны 7-8 сарыг хэлсэн хэрэг юм. Энэ заасан цагт “Хэрлэний Хөдөө аралын
Долоон болдог, Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхийд бичив дуусав” гэсэн
төгсгөлийн үгтэй. Судлаачид энэ төгсгөлийн үгний “хулгана жил хуран сардаа” гэдэг нь хэдэн он байсан бэ гэдгийг хөөж тогтоох хэрэгтэй болсон. Бидэнд
уламжилж ирсэн эхэд энэ төгсгөлийн үгний өмнө Өгэдэй хаанд өргөмжлөгдөн төр
барьсан тухай өгүүлсэн 269-281-т 12 зүйлийн бичвэр байснаас үүдэн төгсгөлийн
үгийн “хулгана жил” бол 1240 оныг зааж байна гэж анхлан тогтоожээ. “Хуран
сардаа” гэдгийг зарим эрдэмтэд бас “гуран сардаа” гэж сэргээн монголчууд жилийн
сарыг ан амьтны “гур зур” гэдэг үгээр тэмдэглэж буга ороонд орох намрын сар
байсан гэж үздэг байна. Гэтэл 1240 онд Хэрлэний Хөдөө аралд алтан ургийнхны их
хурал болоогүй гэж энэ оныг үгүйсгэдэг эрдэмтэд бий.
Ер нь
“Нууц товчоон”-ы судлалд хэзээ хэдэн онд зохиогдсон бэ, зохиогч нь хэн гэж хүн
байв, бичсэн хэл нь ямар хэл байв, анх тэмдэглэсэн үсэг бичиг нь ямар үсэг
байсан бэ гэх мэтийн үндсэн асуудлууд байдаг. Эрдэмтэд энэ үндсэн асуудлыг
шийдэх гэсэн янз бүрийн таамаг дэвшүүлсээр ирсэн байдаг юм аа. Тэгэхлээр “Нууц
товчоон” хэзээ зохиогдсон бэ гэх асуудлыг сонирхон судлах болсон ХХ зууны
эхнээс 1940 оныг гартал хийсэн гадаадын эрдэмтдийн судалгаанаас Тэмүжин-Чингис хааны төрсөн өдрийг судлах ажил эхэлсэн гэж хэлж болно.
-Ер
нь “Нууц товчоо” хэдэн онд зохиогдсон гэж...
-Нэгдүгээрт
бидэнд уламжилж ирсэн “Нууц товчоон”-ы эх бол тэр хааны ордонд бичигдсэн анхны
эх биш юм. Энэ ном Их Монгол Улсын үед хааны ордонд бичигдсэн эх ямар бичиг
үсгээр байсан бэ гэдэг нь ч анхны эх үрэгдсэн учир маргаантай байдаг. Монголд монгол
хэлээр зохиогдсон энэ ном анх бичигдсэн эхээсээ өөр нангиад ханз үсгээр монгол хэлийг галиглан буулгасан, догол
мөр болгоны араас товч утгын хятад орчуулгатай болсон ийм хэлбэрийн гар
бичмэлийн байдалтай бидний үед уламжлан ирсэн. Анхнаасаа энэ хятад үсгээр бичигдсэн
эх биш юм. Хамаг Монголын Есүхэй баатар, Тэмүжин-Чингис хаан монгол хэлээр
ярьж байсан хүмүүс. Үүнийг “Нууц товчоо”-ны эхийн хэл найруулгаас мэдэж болно.
Монголчууд тухайн үед ямар бичиг үсэг хэрэглэж байсан түүгээрээ бичсэн гэж
үздэг. Энэ анхны монгол хэлээрх эх хэзээ ямар учир шалтгааны улмаас нангиад
ханз үсгийн хэлбэрт орж буулгагдан уламжлагдсан бэ гэдэг асуудал ч их
маргаантай асуудал байдаг даа.
За тэр
гадаадын эрдэмтдийн “Нууц товчоо”-г 1240 онд зохиосон гэж анхны таамаглал нь
буруу байсан. Үүний хамгийн том үгүйсгэл бол 1240 оны зун Хэрлэний Хөдөө арал
гэх газар их хуралдаа зарлагдан алтан ургийн ноёд хуран цуглах ямар ч шалтгаан
байгаагүй учраас болоогүй юм. Энэ үед Их Монгол улсын хаан орыг Өгэдэй хаан
эзлэн Хархүрэмийн ойролцоох Шар ордондоо амьд сэрүүн байсан. Өгэдэй хаан 1241
оны 12 дугаар сарын 11-нд ордондоо унтаад сэрэлгүй насан барсан байдаг.
“Нууц
товчоо”-ны эхийг бүтцийн талаас нь харвал илэрхий ялгарах гурван хэсгээс
бүрддэг. “Чингис хааны язгуур” гэж нэрлэж болох нэгдэх хэсэг нь Чингис хааны өвөг
дээдсийг Бөртэ Чоноос эхлэн Тэмүжинийг
хүртэл 22 үеийн нэрсийг багтаасан 1-58 зүйл байдаг. Дараагийн гол хэсэгт Тэмүжиний
төрснөөс авахуулаад нас эцэстэл нь Чингис хааны бүтэн намтар түүхийг өгүүлсэн
хэсэг нь 59-268 зүйлээс бүрдсэн байдаг. Үүгээрээ “Нууц товчоо” бол Чингис хааны
үнэн түүхийг өгүүлсэн гол эх сурвалж болно. Сүүлийн 269-281 дугаар /12 зүйл/ зүйлүүдэд
Өгэдэй хааны төр барьсан тухай өгүүлдэг нэмэлт хэсэг байна. Ийм гурван хэсгийн
эцэст 282 дугаар зүйлд “Хулгана жил ... ордос бууж бүхийд бичиж дуусав” гэсэн
төгсгөлийн үг оржээ. Төгсгөлийн үгийн “хулгана жил” гэдгийг заахдаа махбод,
өнгө зүсээр тодруулж хэлээгүй, дээр нь Өгэдэй хааныг нас барлаа гэж хэлээгүй
тул Өгэдэй хааны нас барсан 1241 оны өмнөх хулгана жилд /1240 онд/ зохиосон
байх гэдэг анхны таамаг гарчээ.
Чингис
хаан 1227 оны намар нас барсны дараа хэрэг явдал хэрхэн өрнөснийг “Нууц
товчоон”-ы 269 дүгээр зүйлд: “Хулгана жил /1228 оныг зааж буй/ Цагаадай Бат
тэргүүтэн баруун гарын хөвгүүд, Отчигин ноён Егү Есүнгэ тэргүүтэн зүүн гарын
хөвгүүд Толуй тэргүүтэн голын хөвгүүд охид хүргэд түмэдийн мянгадын ноёд бүрэн
болж Хэрлэний Хөдөө аралд гүрээр хурж Чингис хааны нэрийдсэн мөн зарлигаар
Өгэдэй хааныг хан өргөв. ”
Тэр
үеийн алтан ургийнхан “хурил-да” Хэрлэний хөдөө аралд баруун, зүүн, голын
хөвгүүд, охид, хүргэд, түмэдийн мянгадын ноёд бүгд хуран цуглаж, Чингис хааны
амьд сэрүүндээ гэрээслэн захисан зарлигийг ёсоор болгож Өгэдэй хааныг хан ор
өргөн суулгасан тухай өгүүлж байна. Тэр хуран цуглалдахын цаад утга учир нь
Чингис хааны зарлигт цугласан бүхэн үнэнч байж тэр зарлигийг өөрчлөхгүй даган
байгаагаа батлан харуулах зорилготой цугларалт байжээ. Энэ бүгд тал талаас
хуран цугларахыг “Нууц товчоон”-д “их хурил-да” гэж бичиж байсныг одоо цагт бид
“Их хурал” гэж ойлгон Монгол Улсын улс төрийн дээд байгууллагаа “Их хурал” гэж
нэрлэх болсон билээ. Алтан ургийн ноёд дээдэс Хэрлэний хөдөө аралд “их
хурил-да” /бүгдээр цуглах газартаа гэсэн санаа/ хааны орд өргөө нүүн бууж бүхийд
“Нууц товчоог” “бичиж дуусав” гэдэг нь 1228 оны зуныг хэлсэн болох нь тодорхой
байдаг. Харин гадаадын эрдэмтдийн 1240 он байна гэж эндүүрэн таамагласан тэр
жил Монгол нутагт Алтан ургийн бүх ноёд дээдэс хуран цуглах улс төрийн ямар нэгэн
том үйл явдал огт болоогүй билээ. Энэ үед алтан ургийн ахмад хөвгүүд цөм хожим
түүхчдийн “ахмад хөвгүүдийн” гэж нэрлэсэн баруун зүгт хийсэн аян дайнд оролцож
Ижил мөрний Булгар, түүний баруунтаа байх Оросын ванлигуудыг байлдан дагуулах
аян ид өрнөж байсан билээ. Эндээс ямар
дүгнэлт хийж болох вэ гэхээр номын төгсгөлд заасан хулгана жил бол 1240 он биш,
харин 1228 он байжээ гэж болно.
Алтан ургийн ноёд 1228 онд Чингис хааны гэрээсийг биелүүлж дараагийн хааныг өргөмжлөх “их хурал-да” /их цугларалт/ бол засгийн эрхийг шилжүүлэх монгол ёс заншлын зүйл байв. Алтан ургийнхан /их хааны хөвгүүд, үр удмын хаанаа сонгох эрх бүхий хүмүүс/ “их хурил-да” /цугларалт/-ад олноороо ирж шинэ хаанаа олон бүгдээрээ хүлээн зөвшөөрч хан орд суулгаж цагаан эсгий хан өргөмждөг нь монголчуудын уламжлалт ёс заншил байв. Ингэж сонгогдож байгаа хааны эрх, засаглал баталгааждаг байна. Өгэдэй хааныг энэ бүх ёс заншлын дагуу их хааны сууринд суулгаж хан өргөмжилсөн билээ.
-Энэ хааны
гэрээс аман болон бичсэн аль хэлбэрээр байсан юм бол?
-Их
хааны энэ гэрээс “Нууц товчоон”-д бичигдэн үлджээ. Өгэдэйг залгамжлагчаар
сонгосон үйл явдал нь “Нууц товчоон”-д /§254-255/ бичсэнээр бол 1219 онд Хорезм
улс уруу аян дайнд мордохын өмнө Есүй хатан Чингис хаанд дуртатган өчихдөө:
“Хаан өндөр даваа даван өргөн мөрөд гэтлэн урт цуур цууран олон улсаа жившээрэн
сэтгэв. Төрсөн эл амьтанд мөнх үл ажгуу.
Нэүл
мэт бие чинь,
Нэгүс
одвоос,
Нэтгэл
мэт улсаа хэндээ гэнэ.
Тулу
мэт бие чинь,
Тулбас
одвоос,
Туял
мэт улсаа хэндээ гэнэ.
Төрсөн
дөрвөн хөлгүүд хөвгүүдийнхээ хэнийг нь хэмээнэ” гэжээ. Есүй хатан хаан та
өөрөөсөө хойш энэ улсаа дөрвөн хөвгүүдийн хэнд нь мэдүүлэв гэж асуусан байна.
Чингис хаан Есүй хатны үгийг сайшааж өөрийгөө мөнх байх юм шиг саналаа,
өвгөдийн хойноос явахгүй мэт санаж явлаа, эмэгтэй хүн мартсаныг санууллаа гэж
Есүй хатныг сайшаан соёрхож дараа нь дөрвөн хөвгүүдийнхээ үгийг сонсож нэлээд
хэлэлцэж ярилцсаны дараа дөрвөн хөвгүүдээсээ Өгэдэй өршөөлтэй тул хааны ор
залгамжлана гэж гэрээсэлжээ. Энэ гэрээслэлийг “Нууц товчоон”-д бичин үлдээсэн
тул Чингис хааны нас барсны дараа алтан ургийн ноёд цуглаараад их хааны амьд
ахуйдаа хэлсэн гэрээс захиасыг биелүүлэх гэж ирсэн хэрэг байсан биз ээ. Ийм
чухал асуудал хэлэлцэх “хурал-да” 1228 онд болсон байна.
Учир
иймээс сүүлийн үед гадаад болон Монголын эрдэмтэд 1228 онд “Нууц товчоо”-г
зохиожээ гэдэг дүгнэлтэд санал нэгдэх болсон юм. Бидний санахад Чингис хаан нас
барсаны дараа жил 1228 оны зуны дэлгэр цагт хааны ордон Хэрлэний хөдөө аралд
нүүн бууж алтан ургийн хөвгүүд цөмөөр “их хурил-да” цуглан ирэхийн өмнө ордны
бичгийн мэргэд их хааны гэрээс захиасыг агуулсан түүний амьдралын үнэн түүхийг
бичиж дуусгажээ. Чингис хааны үнэн түүхийг бичсэн энэ бичээс тухайн үедээ ямар
нэртэй байсныг одоо мэдэх аргагүй болжээ. Бид энэ бичгийг сүүлд дамжин
уламжилсан хятад үсгээр галигласан эх бичгийн “манг хө лүнь ню ча то а чань”
гэх найман ханз үсгийн дуудлагаас нь “Монголын Нууц Товчоо” гэж сэргээн нэрлэх
болсон билээ. Улсын эзэн хаанаа өргөмжлөхөөр хуран цугласан алтан ургийнханд
энэ бичгийг уншиж танилцуулж, хаан ширээнд суусан шинэ хаанд хүлээлгэн өгч
хааны ордонд нандигнан хадгалдаг байсан гэж бодно. Нандигнан хадгалахаас гадна үүнийг
унших эрх зөвхөн алтан ургийнхны дархан эрх байжээ. Хэн дуртай хүн үзэх эрхгүй
учраас тийм олон хувь байгаагүй болов уу. Монголын хаадын ордонд цорын ганц
хувь нууц бичиг хадгалагдаж байсан бололтой.
-Бидний
одоогийн ойлголтоор албан бичгийг нууцын зэрэглэлд оруулаад “маш нууц” гэдэг
тамга дардаг. Түүн шиг зүйл тухайн үед болсон юм болов уу?
-За яг тийм гэж болохгүй ч, үүнтэй төстэй зүйл байсан нь гэж болно. Энэ чухал бичгийг Юань улсад “Тобчоон” гээд алтан авдар чулуун хөмрөгт хадгалдаг, алтан ургийн л биш бол бусад ямар ч хүмүүст үзүүлдэггүй байсан гэх мэдээ бий. Тэгвэл Монголын Ил хаант улсын түүхч Рашид-ад-Дины номд мэдээлснээр бол Ил хаадын ордон Монголын түүхийг бичсэн “Алтан дэвтэр” нэртэй мөн л алтан ургийнхнаас өөр хүнд үзүүлдэггүй бичиг байсан тухай мэдээ байна.
Австрали
Улсын монголч эрдэмтэн Игор
де Рахевильц 1965 онд «Монголын Нууц Товчоо”-ны оны талаарх зарим
тэмдэглэл» /Some remarks on the dating The Secret History of the Mongols/ гэдэг
өгүүлэлдээ уг зохиол нь 1228 оны зун гэхэд бичигдчихсэн байсан гэх санааг
дэвшүүлсэн. Тэгвэл Өгэдэй хааны түүхийг хэзээ нь бичив гэдэг асуултанд де Рахевильц
Чингис хааны энэ түүхэн бичигт хожим хянан засварлагчид нэмэлт засвар оруулсан бөгөөд чингэхдээ өмнө
нь байсан төгсгөл үгийг Өгэдэй хааны түүхийн ард механикаар зөөн оруулсан гэж
үзэв.
-Өгэдэй
хааны тухай нэмэлт хэсгийн араас төгсгөлийн үгийг оруулсан гэдэг санаа байна.
Ийм байх боломж бий юу?
-Засвар
оруулагчдын зорилго Чингис хааны байгуулсан Төр улсын хааны орыг алтан ургийн
хөвгүүдийн хэн сайн нь залгамжлах эрхтэй гэх санааг Чингис хаан амьд сэрүүндээ
өөрөө хэлсэн мэт засварыг оруулсан. Тэгээд тэр бичигт Өгэдэй хааны төр барьсан
тухай нэмэлт хэсгийг оруулж, тэндээ Өгэдэй хаан хан эцгээс хойш дөрвөн сайн
үйл, дөрвөн муу үйл хийлээ гэж гэмшин хэлсэн үгсийг нэмж оруулжээ. Ийм утга
агуулгатай засварыг Чингис хааны отгон хөвгүүн Толуйн удмынхнаас, нэн ялангуяа
түүний ахмад хөвгүүн Мөнх их хааны сууринд суух бүрэн эрхтэй гэхийг зөвтгөх
чиглэлийн засвар оруулсан бололтой байдаг.
Рахевильц
дээр нэр дурдсан өгүүлэлдээ хятадын түүхч Дин Чянь 1902 онд “Монголын нууц
товчоон”-ы газар зүйн нэрийн судалсан зохиолдоо төгсгөлийн үгэнд дурдагдсан
“хулгана жил” 1228 оныг хэлсэн байна гэх санал гаргасныг дурдсан юм. Рахевильцын
“Нууц товчоон”-ы зохиогдсон он болон түүнд хийсэн хожмын засварын тухай
таамаглалыг Монголоос эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба «Монголын нууц товчоо» гэх
худам бичгийн сийрүүлэг эх, зарим үгийн тайлбар» /1990/ номынхоо “Оршлын оронд”
гэдэг өгүүлэлдээ 1228 онд зохиогдсон гэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн
юм. Түүнээс хойш манай хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, академич Д.Цэрэнсодном мөн 1228
онд зохиогдсон хэмээн хүлээн зөвшөөрөх нь зөв юм байна гэж бичсэн. Миний бие 1999 онд «Аман
уламжлал ба “Монголын нууц товчоо”» гэсэн сэдвээр эрдэмтний зэрэг хамгаалах
бүтээл бичиж, түүндээ «Монголын нууц товчоон»-ы анхны эхний хэсгийг 1228 онд Хэрлэн
хөдөө аралд алтан ургийнхний “их хурил-да” эхлэхийн өмнө бичиж дууссан гэх
саналыг дэмжиж, хожим хойно Өгэдэй хааны хэсгийг нэмж бичихдээ Чингис хааны
хаан ширээ ахмад хөвгүүн /Өгэдэй хааны/ удмаас отгон хөвгүүн /Толуйн/ удамд
шилжих бүрэн эрхтэй гэх утга агуулгатай засварыг оруулсан гэх саналаа 1990 онд
бичсэн «Өгэдэй Толуй хоёрын дүрийг эргэцүүлэн бодохуйд» гэдэг өгүүлэлдээ
дэвшүүлсэн билээ.
Чингис
хааны үнэн түүх гэж зохиогдсон “Монголын нууц товчоо” 1228 оноос хойш зарим нэг
засвар нэмэлттэй болж байгаад чухам ямар учраас Юань улсын үед нангиад үсгийн
галигийн бүрхүүлтэй болж хувиран өөрчлөгдсөн юм болоо гэх чухал асуудал байдаг.
Тэгэхлээр ийн болж хувирсан эхийн тухай мэдээ нь тэр анх зохиогдсон гэх 1228
оноос хойш 156 жилийн дараа гэж Хятад газар Юань улсыг мөхөөж мандсан Мин улсын
Жү Юаньжан хааны Хунъүгийн 15 он буюу 1382 оны зарлигийн бичигт “Монголын нууц
товчоо” маань “Юань ми щи” гэх хятад нэрээр анх дурдагдсан юм.
-156
жилийн дараа гэдэг нь ?
-Миний
энэ хэлээд байгаа 156 жилийн дотор анх 1228 онд монгол нутагт зохиогдсон монгол
хэлээр байсан “Монголын нууц товчоо” гэх бичиг 156 жилийн дараа Хятадын Мин
улсын хааны зарлигийн бичигт яагаад “Юань ми щи” гэдэг нэрээр дурдагдах болсон
гэдгийг л ярьж байгаа хэрэг. Монголын Хубилай цэцэн хаан 1260 онд Их Монгол улсын
хаан болж, улмаар Хятадын Сүн улстай байлдан мөхөөж хятад газар байгуулсан Юань
улс Тогоон Төмөр хааны үед 1368 онд хятадын тариачдын босогчдын армид цохигдон
нийслэл Дайду балгасаа алдаж хятадын газраас хөөгдөн монгол нутагтаа эргэн
ирсэн үед монголчуудыг хөөсөн тариачны хүү Жү овогт Юаньжан өөрийн биеийг
шинээр мандаж буй Мин улсын хаанаар өргөмжилж хааны ор суусан оны цолоо Хун Ү
анхдугаар он /1368/ гэж тунхаглав. Хун
Ү-гийн 15 дугаар он буюу 1382 онд энэ хаан
Хө Юаньжэ, Маша И-хэ гэх хоёр түшмэлд “Хуа и и юй” гэх Хятад харь
/монгол/ хэлний толь бичиг” зохиох тушаал буулгав. Тэр тушаалын бичигт
“Монголын нууц товчоог” хятад “Юань ми щи” /Юань улсын нууц түүх/ гэх нэрээр
дурдаж түүнийг авчирч хяналт болгов гэж дурдсан байдаг. Юань гэдэг нь
монголчуудын байгуулсан улсын нэр, ми гэдэг нь нууц, щи гэдэг нь түүх гэсэн үг.
“Монголын Нууц Товчоон”-ы монгол эхийг хэзээ хятад үсгийн галигаар үе таслан
бичсэн нь тодорхойгүй, Ихэнх эрдэмтэд “Хуа и и юй” толийг зохиохдоо “Монголын
нууц товчоог” ийм хятад үсгийн галигт хөрвүүлсэн гэж боддог. Гэтэл зарим
эрдэмтэн, жишээлбэл Өвөр Монголын эрдэмтэн Баяр “Монголын нууц товчоог” Мин
улсын үед биш, түүнээс урд Юань улсын үед монгол хэл бичгээ мартагнах болсон
Юань улсын хятад үсэг бичигт суралцсан монгол хаадын хэрэгцээнд зориулан монгол
хэлийг хятад үсгээр галигласан “Юань ми щи” бичиг гарсан гэж нотолдог байна.
Юутай ч “Монголын нууц товчоон” гэх монгол түүхийн бичиг зохиогдсоноос хойш 150-160 жил болоход дүрсээ хятад үсгийн галигаар өөрчилж товч хятад орчуулгатай ийм бичиг болон хувираад байжээ. Үүний дараа Мин улсын гуравдах хаан Жү Ди 1403 онд цэргээ удирдан Наньжинд хүрч үеэл дүүгээ хаан ширээнээс буулгаж өөрөө хаан ширээнд заларч, оны цолоо Юнлэ хэмээн тунхаглав. Энэ хаан Монголын түүхэн бичигт “Ёст хаан Юнлогийн домог” гэх нэрээр тэмдэглэгдсэн байдаг. Мин улсын анхны хаан Жү Юаньжан олон хатнаас 16 хүүтэй байснаас монгол хатнаас төрсөн нэг хүү нь Жү Ди болно. Жү Ди хаан эцгийнхээ үед Ян ванд өргөмжлөгдөж Яньжин хотын /одоогийн Бээжин/ цэргийн тойргийг захирч байжээ. Жү Ди нь Мин улсын 3 дахь хаан болж оны цолоо Юнлэ гэв. Юнлэ нь хаан суусан ихэнх хугацаандаа улсынхаа хойд хилийг монголчуудын довтолгооноос сэргийлэн Монголд олон удаа дайтаж байсан түүхтэй хүн. Ингэхдээ хадам эцэг Шюй Дагийн хамт Монголд цөмрөн орж хоёр гурвантаа аян дайн хийж байсан морин цэргийн жанжин хаан байв.
-Монголын
түүхийн аль үед энэ бүхэн хамрагдах билээ. Бага хаадын үе үү?
-Манай
түүхчид нэгэн үе Тогоонтөмөр хаанаас хойш Лигдэн хааныг хүртлэх түүхийн
хугацааг бага хаадын үе гэж нэрлэж байсан нь үнэн. Гэвч сүүлийн үед энэ нэршил
тийм оновчтой биш гэх саналыг түүхчид ярих болсон. Бидний ярьж байгаа үе бол 15
зууны эхний 25 жилийн үеийг хэлж байна. Хятадууд энэ үеийн Монголыг Умард юм уу
Хожуу Юань улс гэж бас бичдэг. Энэ Жү Ди Юнло хаан 1403 онд «Юн лэ да дянь»
буюу "Юн ло хааны их суртахуй бичиг” хэмэх асар том нэвтэрхий толь бичиг зохиох
тушаалыг бичгийн мэргэдээ буулгажээ. Бичгийн
мэргэд уг тушаалыг 1403-1407 онд хийж гүйцэлдүүлжээ. Энэ нэвтэрхий тольд 21
гаруй эртний ном зохиол эмхэтгэн орсны дотор «Юань чао ми щи» гэх бичиг 15
жюань буюу бүлгийг эзлэн багтжээ. Ингэж “Монголын нууц товчоон”-ы хятад галиг
үсгийн хөрвүүлэг хятад товч орчуулга бүхий бичиг Мин улсын хааны зарлигаар
эмхэтгэгдсэн их нэвтэрхий тольд багтаж хааны ордны номын санд хадгалагдах болсон
байна.
-Судалгааны
эргэлтэд орж байгаа нь тэр үү?
-Мин
улсын нэвтэрхий тольд Юань улсын үеийн түүхийн сурвалж бичгийн хувиар л багтан
орсон хэрэг. Юнло хаан «Юн лэ да дянь»-ийг дахин нэг хувь хуулуулан 1423 онд
Бээжин дахь хааны номын санд шилжүүлсэн гэдэг. Хятадын бичгийн хүмүүс энэ “Юань
чао ми щи”-гээс Чингис хааны дээд өвөг үеийн хүснэгт зургийг гаргах, Монголын газар орны нэр усыг лавлах түүхэн
сурвалж болгон ашиглаж, зарим нэг нь уг бичгийг хуулан авч оршил, гаргалгаа,
товч тайлбар, тайлал бичих зэргээр ашиглаж ирсэн байдаг. Мин улсыг 1644 онд манжууд
Бээжинг эзлэн авч мөхөөгөөд шинээр мандсан улсаа Дай Чин улс гэж нэрлэв. Чин улс
Мин улсын нийслэл Бээжингийн хааны ордныг нураалгүй тэр чигээр нь өвлөөд авсан. Бээжингийн чимээгүй ордон гэж ярьдаг даа. Тэр ордны номын санд өнөөх “Юн ло да дянь”
хадгалагдсан хэвээр байв. Гэвч Чин улсын үед бичгийн хүмүүс хааны номын сангаас
ном авч гарах, хуучин номыг хуулан олшруулах зэргээр хадгалалтаас нь дутаах
болсон байна. Манж Чин улсын үед 1805 оны орчимд хятадын бичгийн хүн Гү Гуанчи
гэгч “Монголын нууц товчоон”-ы “Юань чао ми щи” гэх хааны ордны 15 бүлэгт эхээс
өөр хуваарьтай 12 бүлэг “Юань чао ми щи” гэх гар бичмэл хуулбар байдгийг олж
илрүүлжээ. Энэ “Юань чао ми щи” 12 бүлэгт, 15 бүлэгт бичгийн доторхи эх нь болохыг
олж тогтоосон ажээ. “Юань чао ми щи”-гийн 12 бүлэгт гар бичмэл хэд хэдэн
хуулбар Хятадад дэлгэрсэн байжээ.
Хятадад
14-15 дугаар зуунаас уламжилж ирсэн монгол хэлийг хятад ханз үсгээр галиглан
тэмдэглэсэн эхийн хятад нэр нь 元朝秘史 Юань-чао ми-щи гэх 4 үсэг
байна. Үүнийг “Юань улсын нууц түүх” гэж орчуулна. Хятад номын нэрийг баруун
дээд өнцгөөс доош нь нэлээд том үсгээр бичдэг уламжлалтай ажээ. Тэгвэл энэ
нэрийг 4 том үсгийн доор хуудасны баруун доод буланд хоёр эгнээ “5 + 3” гэсэн
найман ханз үсгийн тэмдэгт бичсэн байдаг. Тэр нь найман ханз үсэг нь “忙豁仑纽察ман-хө-лүнь
ню-ча” гэсэн эхний таван үсэг баруун талд доош цувуулан бичсэн, үлдсэн гурван
үсгийг зүүн талд нь доош цувуулан бичсэн нь “脱察安тө-ча-ань”
гэх найман үсэг бичсэн байдаг. Үүнийг хятад хүн хараад дуудлагаар уншиж чадавч
юу гэж байгааг нь ойлгохгүй аж. Энэ
гарчгийн том үсгээр нэг хувь жижиг 8 үсгийг Гү Гуанчи хэмээх бичгийн мэргэн
утгыг ойлгохгүй болохоор энэ бичгийн зохиогчийн нэр алдар цол хэргэм бололтой
гэсэн таамаг дэвшүүлж байжээ. Үүнийг хятад хүн ойлгохгүй байх нь аргагүй юм.
Учир нь ханз нь монгол үгийг хоёр мөр болгон бичсэн зүйл байжээ. Баруун талд
бичсэн 5 үсэг нь “Монголын нууц” гэсэн үгийг үе таслан хятад үсгээр бичжээ.
Зүүн талын “тө а чань” гэх гурван үсэг нь “товчоон” гэх монгол үгийн галиг үсэг
байсан аж. Энэ найман ханзны дуудлагаас уг зохиолын монгол нэр нь “Монголын
нууц товчоон” гэсэн үг байжээ гэж үзэх болсон юм.
Монголын нууц товчооны хятад үсэгтэй эхийн нэгэн тал
Манж
Чин улс 1890 хэдэн оны сүүлээр доройтоод манж-японы дайнд ялагдаж, улмаар
хөрөнгөтөн орны холбоотны цэрэг Бээжинд орж Ихэтуань буюу нударгатны /боксерын/
бослогыг дарах нэрийдлээр Англи, Франц, Япон зэрэг хөрөнгөтөн орнуудын цэрэг Бээжинг
эзлээд хааны ордны номын сангийн олон ном дэвтрийг их бууны суурин доор ивээс
болгон тавьж, зарим ном дэвтрийг галдан түлж байснаас өнөөх “Юн лэ да дянь” гэх
эмхэтгэл ихэд үрэгдэж үгүй болжээ. Энэ сүйтгэлээс үлдсэн “Юн лэ да дянийн”
дотор 15 бүлэгт “Юань чао ми щи” алга болсон байв.
“Юань
чао ми щи” гэх “Нууц товчоон”-ы 12, 15 бүлэгтэй хоёр номын доторх бичвэр нь
бол ижилхэн байдаг. Хятад бичгийн хүмүүс “Нууц товчоог” хуулж авах, уншиж
ашигласан тухайгаа оршил бичих, тайлал, тайламж, тайлбар гэх уламжлалт аргаар ашиглаж
байснаас биш, монголын түүхийг шинжлэх ухааны үүднээс судалж байгаагүй юм. Ийм
байдлаар 4, 5 зуун жилийг өнгөрүүлсэн юм.
-Бидний
мэддэг “Нууц товчоо” хоёр өөрөөр бүлэглэсний аль нь юм бэ?
-Доторх нь ижилхэн учир хоёуланг нь
баримталсан гэж болно. Хятадын янз бүрийн бичгийн хүмүүс уг бичгийг ордны номын
сангаас 15 бүлэгт эхийг авч ашиглан хуулах, зарим хүмүүсийн хувийн цуглуулгад
байсан гар бичмэлээр тархсан 12 бүлэгт эхийг хэдэн үе дамжуулан хуулан бичиж явсаар
20 дугаар зуун эхээр Е Дэхуй гэдэг хуучны ном цуглуулагч хүн “Юань чао ми
щи”-гийн 12 бүлэгт нэгэн дэвтрийг 1908 онд Шанхай хотноо анх удаа хэвлүүлсэн
байна.
Монголд
Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч 1911 оны эцсээр Богд хаант Монгол Улс
байгуулагдав. Энэ үед монголчуудын үндэсний ухамсар сэргэж Оросоос ирсэн
эрдэмтэн Жамсраны Цэвээн /баруунд Цэбэн Жамцарано гэдэг/ гэх тэргүүний сэхээтэн
Богд хаант Монгол Улсад ирж ажиллаж байхдаа 1910 оны үес өмнөд Хятад орноор явж
олон ном дэвтэр олж ирсэний дотор Е Дэхуйн хэвлүүлсэн “Юань чао ми щи” гэх
нэртэй “Монголын нууц товчоог” олж ирсэн байжээ. Түүнийгээ 1916 онд Богд хаант Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэд сайд Цэнд гүнд өгч монгол хэл рүү орчуулуулсан
байна. “Монголын нууц товчоо” ингэж олон зуун жилийн дараа анх зохиогдсон Монгол
нутагтаа Цэнд гүнгийн орчуулгаар эргэн ирсэн түүхтэй. Гэвч энэ орчуулгын гар
бичмэл тухайн цагтаа хэвлэгдэж чадалгүй удсан нь харамсалтай байдаг.
Цэнд гүн хөрвүүлэг орчуулгаа 1917 оны 10 дугаар сарын дундуур дуусгаад
захиалагч Жамсраны Цэвээнд өгчээ
-Цэнд
гүнгийн “Нууц товчоо” гэдэг нь ямар учиртай бүтээл вэ?
-Энэ
бол хятад ханз үсгээр монгол хэлийг үе таслан бичсэн “Юань чао ми щи” гэх
бичгийг монгол хэл рүү эргүүлэн буулгасан хөрвүүлэг, хятад утгын товч орчуулгын
хятад хэлнээс нь Цэнд гүн монгол хэл рүү орчуулсан орчуулгын гар бичмэл юм.
Цэнд гүн хөрвүүлэг орчуулгаа “Юань улсын нууц түүх” гэж нэрлэжээ. Энэ бол бийрээр
бичсэн гар бичмэл болно. Цэнд гүн энэ хөрвүүлэг орчуулгаа 1917 оны 10 дугаар сарын дундуур дуусгаад захиалагч Жамсраны Цэвээнд хүлээлгэн өгчээ. Хятадад 1908
онд хэвлэгдсэн номыг Цэнд гүн 1917 онд орчуулсан. Жамсрангийн Цэвээн энэ орчуулгыг өөртөө хадгалж
байгаад 1933 онд ЗХУ/ОХУ/-ын Дорно дахины судлалын хүрээлэнд ажиллаж байхдаа уг
гар бичмэл эхийг тус хүрээлэнгийн гар бичмэл хэрэглэгдэхүүний хөмрөгт өгч
хадгалуулжээ. Энэ орчуулга тэр үедээ ном болж гарсангүй. Монголд хэзээ хэвлэгдсэнийг
чи мэдэх үү?
-Үгүй...
-Цэнд
гүнгийн энэ гар бичмэл ОХУ-д хадгалагдаж байсаар Цэнд гүнгийн охин Хандсүрэн
ЗХУ-ын Дорно дахиныг судлах хүрээлэнд томилолтоор очиж ажиллахдаа аавынхаа гар
бичмэл дэвтрийг олж үзэн түүнийгээ тухайн хүрээлэнгийн эрдэмтэд хэлснээр уг
бичмэлийн фото зургийн хальстай болж авчээ. Үүнийгээ хэвлүүлэх боломжийг
хайсаар 1997 онд буюу анх бичигдсэнээс хойш яг 80 жилийн дараа Улаанбаатар
хотноо хэвлүүлжээ. Манайхан чинь монгол бичгээр байгаа ном зохиолыг ихэнх нь уншихгүй
шүү дээ. Цэнд гүний орчуулгын гол онцлог бол монгол хэлээрх хятад галигийг нь
хятад хэлний утгын товч орчуулгын нь хамтаар анх удаа монгол хэлэнд орчуулсан юм.
Орчуулгын гар бичмэл эхийг Ж.Цэвээн 1932, 1933 оны үед ЗХУ-д аваачиж өөрийн
ажиллаж байсан Дорно дахиныг судлах хүрээлэнгийн гар бичмэл ном судрын хөмрөгт
өгч хадгалуулсан нь одоо ч тэндээ хадгалагдаж байна.
-Өөр ямар сонирхолтой түүх байна...
-Манж
Чин улсын үед Европын хөрөнгөтөн орнууд Хятадад Христос шашнаа сурталчлан дэлгэрүүлэх
зорилгоор Бээжинд өөрсдийн төлөөлөгчийн газрыг байгуулан лам нараа илгээдэг
болжээ. Манж Чин улсын Хятад газарт загалмайтны шашныг дэлгэрүүлэх лам нар суух
болсон. Бээжинд Оросын хар лам нар 18-19 дүгээр зуунаас очиж суух болсон. Тэдний гурав, дөрөвдүгээр ээлжийг
ахалж байсан Архимандарит Палладий хэмээх сахилын нэртэй Кафаров Петр Иванович
гэх эрдэмтэн лам “Юань чао ми щи” гэх “Монголын нууц товчоон”-ы хятад үсгээр
байгаа эхийг хааны ордноос танилаараа авахуулж, тэр бичмэлийн хятад хэлний
утгын товч орчуулгыг орос хэл рүү орчуулж тэр орчуулгаа «Старинное монгольское
сказание о Чингис хане» /Чингис хааны тухай монголын эртний туульс/ гэж нэрлэн
түүнийгээ 1866 онд Бээжингийн төлөөлөгчдийн газрын сэтгүүлд орос хэлээр хэвлүүлсэн
юм. П.И.Кафаров ингэж хэвлүүлснээр Чингис хааны тухай монгол хэлийг хятад галиг
үсгээр сийрүүлэн бичсэн эртний бичиг байдгийг Өрнөдийн эрдэмтдийн сонорт анх
хүргэсэн юм.
Энэ
бичгийг Өрнөдийн эрдэмтэд тэр хятад үсгээр монгол үгийг үе таслан галигласнаас
нь өөрсдийн ойлгодог латин үсгээр галиглан монгол хэлний эхийг сэргээх ажлыг
хийх болжээ. Ийм байдлаар францын Поль Пеллиогийн латин үсгийн галигаар буулгахаар:
Činggis-qahan-u huǰa’ur dä’ärä tänggäri-äcä ǰaya’atu töräksän Börtä-Čïno aju’u.
“Чинггис хаhан-у hужа’ур дэ’эрэ тэнггэри-эчэ жайа’ату төрүксэн Бөртэ Чино ажу’у”
гэсэн монгол эх гарч ирнэ. Латин галигаар сэргээсэн монгол хэлээрх эхийг өөр
өөрсдийнхөө хэлэнд орчуулах ажлыг дараагийн шатанд хийдэг байлаа. Өрнөдийн
эрдэмтэд энэ хоёр шатны ажлыг гүйцэд хийхэд үндсэндээ 50-60 жилийг зарцуулсан.
Монгол хэлийг хятад үсгийн галигаар тэмдэглэсэн эх бичгээс латин үсгээр
галиглан сэргээсэн монгол хэлээрх “Монголын нууц товчоон”-ы эхийг аль улсын хэн
гэгч эрдэмтэн бусдаас түрүүлэн орчуулах вэ гэдэг уралдаан (яг чухамдаа үүнийг бид
одоо ингэж нэрлээд байгаа болов уу/-д Герман улсын Эрих Хэйниш гэх эрдэмтэн
түрүүлсэн. Э.Хэйнишийн латинаар галигласан эх, ханз үсгийн толь нь 1935, 1936
онуудад, герман хэлний орчуулга нь 1937 онд хэвлэгдсэн юм. Ингэж өрнөдийн
эрдэмтдийн далд уралдаанд герман хүн түрүүлжээ. Германы Эрих Хэйништэй
зэрэгцээд “Монголын нууц товчоон”-ыг галиглах, орчуулах ажлыг Францын эрдэмтэн
Поль Пеллио, Оросын эрдэмтэн С.А.Козин нар хийж байжээ.
Оросын
эрдэмтэн С.А.Козин “Монголын нууц товчоон”-ы сэргээсэн галиг эх, орос хэлэнд
орчуулсан эх, үгийн толь зэргийг 1936 оны хавар гэхэд бэлэн болгоод Оросын Дорно
дахиныг судлах хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хийсэн ажлаа хэлэлцүүлэн
хэвлүүлэхээр завдсан ч түүний энэ галиг, орчуулгын эрдэм шинжилгээний ач
холбогдлыг Б.И.Панкратов тэргүүтэй эрдэмтэд хурц ширүүнээр шүүмжилж, гаргасан
алдаа дутагдлаа засахыг шаардсанаар С.АКозины галигласан эх болон орос хэлэнд
орчуулсан орчуулга, эрдэм шинжилгээний дэлгэрэнгүй тайлбар, үгсийн толь олон
зүйлийг багтаасан бүтээл нь хэвлэгдэх ажил нь хойшилсоор 1941 оны эхээр
Москва-Ленинград хотуудад хэвлэгдсэн түүхтэй.
Францын
улсын дорно дахины алдарт судлаач Поль Пеллио нь “Монголын нууц товчоон”-ы
монгол эхийг сэргээх галиг, “Монголын нууц товчоон”-ы эхийг франц хэл рүү
орчуулах ажлаа мөн л энэ үед хийж эхэлсэн. Монгол Улсад 1921 онд Судар бичгийн
хүрээлэн байгуулагдаж, хүрээлэнгийнхээ гадаад хүндэт гишүүнээр Поль Пеллиог
сонгож “Монголын нууц товчоон”-ы хятад эхийн фото хуулбарыг илгээж харилцаж
байсан билээ. Поль Пеллио нягт нямбай эрдэмтэн байсан тул “Монголын нууц
товчоон”-ы латин галигийн сэргээлтээ бүрэн хийж гүйцэтгээд, франц хэл рүү
орчуулах ажлаа хийсээр уг ажлаа хэвлүүлж амжилгүй 1945 онд нас барсан юм. Поль
Пеллиогийн шавь Луи Амби гэгч багшийнхаа үлдээсэн “Монголын нууц товчоон”-ы
латин галиг сэргээсэн эх, “Монголын нууц товчоон”-ы эхний 6 бүлгийн франц орчуулгыг 1949 онд
Парис хотноо хэвлүүлсэн билээ.
-Герман,
Франц хоёр хүн тэр латинаар галигласан “Нууц товчоо”-гоо өөр өөрийн хэлээр
орчуулж байгаа нь тэр шүү дээ...
-Тийм
ээ. Хятад газар монгол хэлээр хятад үсгээр тэмдэглэсэн 12 бүлэгт “Монголын нууц товчоон”-ы эхийг
тус тусдаа галиглаж, улмаар өөр өөрийнхөө хэл дээр орчуулж байгаа нь тэр.
Гадаадын эдгээр эрдэмтэд “Монголын нууц товчоон”-ы агуулгад Чингис хааны язгуур, Чингис хааны төрснөөс
насан эцэслэх хүртэлх түүх, Өгэдэй хааны төр барьсан сүүлийн арваннэг, хоёр зүйлийн
нэмэлт хэсэг энэ бүгдийг харгалзан уг зохиолыг зохиосон он нь 1240 он
байсан гэж үзсэн учир бүгд 1940 он гэхэд “Монголын нууц товчоон”-ы латин үгсийн галиг эх,
герман, франц, орос хэл рүү орчуулсан орчуулгаа 1940 оноос өмнө гаргахыг хичээж
ажиллаж байсан байдаг.
-Гадаадын
эрдэмтэн судлаачид “Нууц товчоо”-г 1240 онд зохиогдсон гэж тогтоосон тухай та
хэллээ. Түүнйг тодруулах уу?
-Ер нь бол эдгээр анхдагч гадаадын эрдэмтэд
“Монголын нууц товчоон”-д Их Монгол Улсын Чингис хаан, Өгэдэй хаан хоёрын үүх түүхийг өгүүлсэн гэдгийг
баримт болгон, төгсгөлийн үгэнд дурдсан “хулгана жил” бол 1240 он байсан гэж
тогтоочихсон хэрэг. Өрнөдийн анхны эрдэмтдийн судалгаа орчуулга нь манай Монголын орчуулгад нөлөөлсөн л дөө.
-Ямар байдлаар тэр вэ?
-ЗСБНХОУ
(СССР)-ын Дорно дахины судлалын хүрээлэнд манай Ц.Дамдинсүрэн 1934-1938
онуудад суралцаж байсан. Ц.Дамдинсүрэн суралцаж байх үед тус хүрээлэнгийн
Монгол кабинетад Сергей Андреевич Козин 1936 оны тавдугаар сард “Монголын нууц
товчоон”-ы эхийг орос, латин үсгээр галигласан эх, орос хэл рүү орчуулсан
орчуулгаа хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд танилцуулж хэлэлцүүлэг хийхэд тус
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан монголч, хятадач эрдэмтэд нэлээд ширүүн
шүүмжилж хэвлэгдэхийн өмнө засвар хийхийг зөвлөж байжээ. Энэ асуудлаас бол
С.А.Козины орос орчуулга хэвлэгдэн гарах хугацаа хойшилж сүүлд 1941 онд
хэвлэгдсэн билээ. Тэр С.А.Козины ажлыг хэлэлцэх хуралд Монголоос ирсэн оюутан Ц.Дамдинсүрэн,
М.Гомбожав нар оролцож байжээ. Тэгээд Ц.Дамдинсүрэн нь 1938 онд дуудагдаж хүрээлэнд ажиллаж байгаад
гэрээсээ баривчлагдсан. Баривчилгаа эхэлчихсэн байсан үе. Мөрдөнд ороод Ц.Дамдинсүрэн гуайд гадаадын туршуул гэдэг хэрэг тулгасан юм билээ. Гэвч янз
бүрийн, ямар нэг хэрэг хүлээхгүй, 15 сар суугаад гарч ирсэн. Тэгээд Орост үлдэж
хоцорсон авгай хүүхдээ олж ирэх гээд зөндөө юм болсон биз. Тэр бол хувийнх нь
асуудал. Ингэж явсаар байтал 1940 он гарчихжээ. Тэр үе Ц.Дамдинсүрэн гуай
залуухан шүлэг зохиол бичдэг хүн байв. Монгол Улс ийм хүнийг ямар нэг юманд ашиглах
ёстой биз дээ. 1940-өөд он гэдэг маршал Чойбалсангийн үе шүү дээ. Цаг үеийн
ажил юм даа. Ц.Дамдинсүрэнд нэгдүгээрт шинэ үсгийн дүрэм зохио гэдэг даалгавар
өгсөн. Энэ ажил 1941 онд эхэлжээ. Түүний хажуугаар зэрэгцээд “Нууц товчоо”-г
орчуулах ажил ч Ц.Дамдинсүрэнд оногджээ. Цэнд гүнгийн хятад хэлний эхээс
орчуулга нь Улаанбаатарт номын санд үлдсэн байсан. Харин Цэнд гүнгийн
1917 оны сийрүүлэг орчуулгын эх нь хойшоо Орос улсад оччихсон байжээ. Энэ үед Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г орчуулж эхэлсэн байснаа 1941
онд «Шинжлэх ухаан» сэтгүүлд оршил бичин эхний гурван бүлгийг
хэвлүүлсэн. Тэр хэвлэлийн өмнөх үгэнд: «... манай монгол газарт олны уншихуйд
зориулж хэвлэсэн нь одоо хүртэл үгүй, тэр ч байтугай монгол үсгээр буулгасан
олигтой эх ч байхгүй, гагцхүү байгаа нь Цэнд гүнгийн орчуулсан эх Шинжлэх
ухааны хүрээлэнд хадгалагдаж буй. Автономитын үед Баргын гүн Цэнд Хятадын
эрдэмтэн Е Дэхүйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол үсгээр сийрүүлэн бичсэн ба
монгол хэлээр орчуулсан ажгуу. Цэнд гүн болвоос шинжлэхүй ухааны эрдэмтэн бус
тул түүний сийрүүлэг орчуулга хоёр алин ч зөвхөн сонирхон үзэгчдийн туурвил
төдий болно.
Гэвч
эдүгээ хэр монгол үсгээр бичсэн эх байхгүй тул түүнийг хянаж үзээд хэвлэе гэж
шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрүүлэг нь Зөвлөлт улсын академид бий ба нөгөө
орчуулга нь бидний гарт байвч нягт бус ба маш товч баймуй. Нууц товчоонд хэдэн
зуун шүлэг байх атал энэ орчуулгад нэг ч шүлэг байхгүй. Уг шүлгийн заримыг
үргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг
зүгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэйниш, Козин нарын судлал ба
сийрүүлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гүнгийн хагас ба нягт бус орчуулгыг
хэвлэхэд сэтгэл төвдөхгүй тул бид, монгол үсгээр сийрүүлэг ба орчуулгыг хийхээр
шийдсэн болой»[1]
гэж бичсэн бий.
-Манай
номын санд тухайн үед Цэнд гүний хятад орчуулгын зарим хэсэг үлдсэн гэж та
дөнгөж сая ярьсан шүү дээ. Түүнийг уншиж үзээд энэ үгийг бичсэн хэрэг үү?
-Улаанбаатарт Төв номын санд Цэнд гүнгийн сийрүүлэг, орчуулгаас хятад хэлээрх
утгын товч орчуулгыг салган хуулбарласан гар бичмэл нь үлдсэн байжээ. Үүнийг
аваад бага сага засаад хэвлүүлэх гэтэл тэр нь “товчхон бөгөөд нягт бус” байсан
тул хэвлүүлэх гэж бодож байснаа болиод түүний оронд Ц.Дамдинсүрэн өөрөө “Монголын нууц товчоо”-ыг
орчуулж эхэлсэн байдаг.
Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-ны эхийг бүрэн болгож Улаанбаатарт монгол бичгээр 1947 онд хэвлүүлсэн түүхтэй
- Ц.Дамдинсүрэн гуай хэнийхийг орчуулна гэсэн гэж...
-Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоон”-ы эхийг эртний монгол
хэлнээс орчин цагийн монгол хэлэнд орчуулахдаа өөрөөс нь өмнө гарсан
П.И.Кафаров, Э.Хэйниш, С.А.Козины орчуулгыг түшиглэн ажилласан хэрэг. Ингээд
1940-1941 онд “Монголын нууц товчоон”-ы 12 бүлгийг бүгдийг нь орчуулж амжаагүй тул «Шинжлэх
ухаан» сэтгүүлд 1941 онд оршилтойгоор эхний 3 бүлгийг хэвлүүлжээ. Уг сэтгүүлийн
1942 оны дугаарт 4, 5, 6, 7 дугаар бүлэг монгол бичгээр хэвлэгдсэн. Энэ
амжаагүй орчуулгын ажлаа үргэлжлүүлсээр дэлхийн II дайн дууссаны дараа 1947 онд
Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г бүрэн болгож Улаанбаатарт монгол
бичгээр хэвлүүлсэн түүхтэй. Тэгээд 1957 онд шинэ үсэгт буулгаж дахин хэвлүүлсэн.
“Монголын
нууц товчоо” анх бичигдсэн он сар дээр л гэхэд дэлхийн олон орны эрдэмтэд янз
бүрийн санал дэвшүүлсээр ирсэн юм. Үүнд 13 зуунд тохиолдсон 1228, 1240, 1252,
1264 гэх мэт хулгана жил болгоныг дурдсан таамгийг эрдэмтэд дэвшүлж ирсэн юм. Чингис
хааны төрсөн он ч үүний адилаар 1155, 1162, 1167 гэх мэт олон оныг нэрлэдэг
байна. Төрсөн оныг нь үнэн зөв тогтоож чадахгүй байхад төрсөн өдрийг олж
тогтооно гэдэг бас л хэцүү байх нь ойлгомжтой биз ээ. Ер нь төрсөн өдрийг
тодорхой тогтоох гэдэг өөрөө орчин үежсэн өрнөдийнхний ойлголт биш үү гэж
бодогдоно.
-Монголчууд
төрсөн өдрөө нууж байсан үе саяхан шүү дээ. Бид зах зухыг нь мэднэ...
-Төрсөн өдөр судраа яг төдий өдийд гэж хэлж ярих нь насанд цөвтэй гэж манай
хөгшчүүл итгэдэг байсан учраас төрсөн өдрөө нуух нь өлзийтэй ч гэж, мэдэхгүй гэж дардаг, эсвэл баримжаагаар “би тэр
жилийн хавар, намрын эхэн” гэх мэтээр үнэнийг хэлэлгүй төөрүүлж хэлдэг ёс
заншилтай байсан юм. Тэр чинь мэдэхгүй дээ биш төрсөн өдрөө хэлэх нь цээртэй
гэдэг, энэ үзэл чинь саяхан хүртэл байсан зүйл. Тиймээс өрнөдийн төрсөн он
сарыг тодорхой хэлдэг, бүртгэдэг энэ зүйл Монгол Улсад 1960-аад оноос хойш дэлгэрч,
1964-1965 оны үеэс төрсөн хүмүүст төрсний гэрчилгээг заавал бичүүлдэг ёс, сүүлд
иргэний бүртгэл мэдээллийн регистрын дугаар зэргийг өгөх болсон бүр 1986-1987 оны
үеэс л манайд хэрэгжсэн зүйл. Тэгэхээр бид 1960-аад оноос өмнө төрсөн
Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нараас төрсөн тодорхой он сарыг нэхэх асуух ямар байх
вэ. 60-70 жилийн өмнө төрсөн хүмүүсийн байдал ийм байхад, бүр эртний 700, 800 гаруй жилийн өмнө төрсөн Чингис
хааны төрсөн өдөр хэзээ вэ гэдгийг яг яс тогтоох хэцүү байх нь ойлгомжтой биз ээ. Тогтоосон ч
үнэн байх магадлал тун бага шүү дээ. Манай Монгол Улсын хувьд 1962 онд Чингис
хааны мэндэлсэн 800 зуун жилийн ойг
тэмдэглэхээр комисс гаргаад Д.Төмөр-Очир тэргүүтэй манай түүхчид хуралдаж
“Алтан товч”-ид байдаг “Хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны тэргэл” өдөр
гэсэн мэдээ сэлтэд үндэслэн түүхчид, зурхайчид Чингис хааны төрсөн он сар өдрийг 1162 оны тавдугаар сарын
30-ны өдөр байна гэж анх удаа тогтоосон юм гэдэг. Тэгээд Чингис хааны төрсөн
нутагт одоогийн Хэнтий аймгийн Дадал суманд гантиг чулуун хөшөө босгож,
Улаанбаатарт Чингис хааны мэндэлсний 800 зуун жилийн ойд зориулсан эрдэм
шинжилгээний хурал хийж, түүхч Ш.Нацагдорж Чингис хааны үйл хэрэг үнэлэлт
дүгнэлт өгсөн түүхтэй. Энэ 1962 оны тогтоосон төрсөн өдрийг
дэлхийд БНХАУ, Монгол Улс хоёр хүлээн зөвшөөрөн Өвөр Монголчууд маань жил
бүрийн 5 дугаар сарын 30-нд Чингис хааны төрсөн өдөрт ёслол, тахилга үйлдэг билээ.
-Чингис
хааны төрсөн өдрийн тухай яриа эндээс эхтэй гэсэн үг үү?
-Тийм
ээ, өөрийн чинь асуугаад байгаа зүйлийг ойролцоогоор тогтоох юм уу, мэдэх хэрэг
тэр үед гарсан байна. Ер нь “Чингис хаан хар морин жилийн зуны тэргүүн 16-ны
тэргэл өдөр төрсөн юм” гэх мэдээ “Алтан товч” тэргүүтэн 17-18 дугаар зууны
үеийн Монголын түүхэн сурвалжийн мэдээнээс үндэстэй байна. “Алтан товч” маань
“Нууц товчоо”-г зохигдсоноос хойш 400 жилийн дараа бичигдсэн байна. Түүнийг
ноттой баримт гэж үзэхэд хэцүү. “Алтан товч” ямар эх сурвалжаас авсан юм бэ
гэдэг нь тодорхойгүй. Яах вэ, 1962 онд байсан манай түүхийн томчуул Ш.Нацагдорж
гуай хэн хэн ч байсан юм бэ, энэ улсууд ойг тэмдэглэхтэй холбоотойгоор Чингис
хааны төрсөн өдрийн талаар хуралдаагүй, яриагүй юм биш.
Сүүлийн
үеийн судлаачдын бичиж байгаагаар энэ асуудлыг тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо ч
гэдэг юм уу хэдэн хүн хуралдаад хэдэн гишүүн гар өргөөд шийдчихсэн гэж... Зөв,
бурууг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан 1162 оны тийм өдөр гэхээр 5 дугаар сарын
30 гэдгээр тогтсон бололтой байгаа юм.
Дэлхийд
үүнийг БНХАУ, Монгол Улс хоёр хүлээн зөвшөөрсөн байна. Оросын эрдэмтэд болохоор
үүнээс өөр он сар өдөр ярьдаг л даа. Тэд болохоор Чингис хаан, “Монголын нууц
товчоо”-нд ойр цаг үед Монголын Ил хаант улсад Рашид-ад-Дин гэж тэргүүн сайдын “Жамми-ал-таварих”
буюу бидний “Судрын чуулган” гэх түүхэнд Чингис хааны төрсөн сар өдрийг лалын
шашинтны Хижра /лалын он тоолол/ гэх тооллоор 1155 онд Чингис хаан төрсөн гэх
мэдээг баримталдаг байна. Түүнийг үнэн гэж авч үзвэл Чингис хаан гахай жил
төрөөд, гахай жил нас барсан. Түүгээр үзвэл Чингис хаан 73 нас хүрсэн. Сүүлийн
“Алтан товч”- д байдаг хар морин жил төрсөн гэвэл 68 настай Чингис хаан нас
барсан болно.
Чингис
хаан Алтан улстай 1211 онд байлдаж эхлээд энэ дайныг үргэлжлүүлэх үүргийг Гө ван
/улсын ван/ Мухалид өгөөд нутагтаа буцаж ирээд Тангад улстай байлдсан. Дараагаар нь Ухуна тэргүүтэй элч нараа Хорезм руу илгээж, элч нарыг хүйс тэмтэрсэн
үйлдлийн хариуд 1219 оноос баруун зүгт Хорезмын улс сартуул иргэнтэй байлдахаар
явсан. Алтан улстай дайтаж төвхнүүлэх үүрэг Мухали жанжинд үлдсэн байна.
Зөрчидийн Алтан (Жинь) улс тэр үед хүн ам ихтэй, өмнөд Нангиадын Сүн улстай
дайн байлдаантай олон цэрэг, хот балгадтай эзлэн төвхнүүлэхэд төвөгтэй улс байжээ.
Монголчууд түүнээс өмнө Хятанчуудын Ляо улс /Кидань улс/-ын хойчисыг өөртөө
татаад байсан. Мөн өмнөд Хятадад Сүн улс гэж байсан, үүн дээр Зөрчид аймгийн
байгуулсан Алтан (хятадын орос галигаар Цзинь,
монголоор Жинь) улс байсан. Манайхан Алтан улс гэж
хэлдэг ярьдаг. Яг энэ үед Чингис хааны Их Монгол улс хүчирхэгжиж, Алтан улсыг
байлдаж эхэлсэн түүхтэй. Энэ Алтан улстай байлдаан олон жил үргэлжилж Өгэдэй
хаан, Мөнх хаан, Хубилай хааны үед хүрч, Хубилай хаан Алтан улсыг мөхөөж Их
Юань улсаа мандуулсан байдаг.
Тэгэхлээр
Чингис хааны амьд сэрүүн үед Сүн улс Их Монгол улсад элч төлөөлөгчөө илгээж,
Алтан улсын эсрэг тэмцэх холбоотноо болгох зорилготой, мөн шинэ мандсан Их
Монгол улсын Чингис хаантай биеэр уулзах зорилготой элч нар ирсэн ч тэдэнтэй
Чингис хааны өмнөөс Мухали Гө ван уулзаж хэлэлцээр хийж байжээ. Сүн улсаас
монголчуудтай холбоо тогтоохоор ирсэн элч (тандах туршуулууд) нар Сүн улсад
эргэн очоод Чингис хааны талаар цуглуулсан мэдээллээ тайлагнасан байдаг. Алтан улсын
энэ сурвалжийн мэдээгээр Чингис хааныг 1155 оны гахай жил төрсөн гэдэг. Чингис
хааны тухай өгүүлсэн “Монголын нууц товчоон”-д цаг хугацааны хувьд хамгийн ойр
хоёр эх сурвалж нь энэ 2 байдаг. “Монголын нууц товчоон”-д Тэмүжин-үгэ, Хори
буха гэх 2 татаарыг Есүхэй баатар олзолж ирсэн үед Чингис төрсөн гэж гардаг /Есүхэй
баатрын татаартай хийсэн дайны он цагийг тавиагүй/. Энэ дайн тулааныг Алтан
улсын түүхэн сурвалжаас чухам хэдийд болсныг тодруулах хэрэгтэй юм шиг санагддаг.
Дээрх 2 эх сурвалжийн мэдээгээр Чингис хаан 1162 онд төрөөгүй, түүнээс өмнө
1155 онд төрсөн байх боломжтой.
-Чингис
хааныг эрт /1155 он/ төрсөн гэдгийг оросын эрдэмтэд баримталдаг. Тэнд байгаа
түүхэн эх сурвалж хэлдэг гэж ойлгож болох уу?
-Оросуудад
байгаа нэг эх сурвалж бол мөнөөх Рашид-ад-Дины “Судрын чуулган” болно. Үүнийг л
оросын түүхчид нь баримталж байгаа хэрэг л дээ. Чингис хааныг өнчирч хоцорсон,
бага насандаа Тайчуудад олзлогдож байснаас гадна яасан нь мэдэгдэхгүй, нэр ус
нь энд тэнд дурдахгүйгээр “10 гаруй жил Монголын тал нутгаас алга болсон” гэж Лев
Николаевич Гумилев бичсэн. Түүний бичиж байгаагаар мань хүн /Чингис хаан/ Алтан
улс руу олзлогдоод алга болсон гэх. Алтан улсад олзонд байхдаа тус улсын
талаарх бүх зүйлийг мэдэж ирсэн гэх. Гумилев үүнийгээ ямар эх сурвалжаас авсан
нь тодорхойгүй байдаг.
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаад Чингис хааны төрсөн өдөр өвлийн эхэн
сар /билгийн тоолол/-ын шинийн 1-нийг “Монгол бахархлын өдөр” болгосон. Энэ
тухайд...
-Манай
эрдэмтэд 2012 онд үндэслэлийг нь гаргаад, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа
гэж ойлгодог. Энэ нь өнөөх л “Монголын нууц товчоон”-ы Есүхэй баатар Тэмүжин-үгэ, Хори буха
тэргүүтэн татаар иргэнийг дагуулж” гэх мэдээ, монголчууд дайн тулаанаа агт
морьдынхоо тарга тэвээрэг сайн үед буюу намар, өвлийн үед хийх дуртай гэх, мөн
зарим сурвалжид Бөртэ үжин нохой жилтэй байсан гэх мэт олон баримтыг үндэслэж
“өвлийн эхэн сарын шинийн 1-нд хаан төрсөн” гэдгийг Монгол Улсын
Ерөнхийлөгч “Монгол бахархлын өдөр”
болгосон биз ээ. Бид ийнхүү Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сарын
шинийн нэгэнд тэмдэглэдэг болоод 10 гаруй жил болж байна. Цэрэг дайны хувьд морин цэрэг голлосон
монголчуудын хувьд морьд агтаа тарган байхад байлдахыг хүсдэг тухай мэдээ сэлт “Монголын
нууц товчоон”-д бас гардаг. Тухайлбал Найманы харуулын цэрэг Монголын толгойн
сэргийлэхийн цэргийн агтыг олзолж аваад “Монголын адуу туранхай ажээ” гэх
хэлэлцсэн зүйл гардаг. Тэр мэт уламжлалаа бодвол өвлийн эхэн сард Чингис хаан
төрсөн байж болох юм.
Монголчуудын дунд Чингис хааны төрсөн болоод нас барсны дараагаар Чингис хаантай холбоотой зан заншил, сүсэг бишрэлийн янз бүрийн юм бий болсон. Жишээлбэл, зуны эхэн сард “Гүүний үрс гаргах ёс”-ыг Чингис хаан, Бөртэ үжин санаачилсан гэж гүүний үрсийн гаргах ёслолын хэлдэг гар бичмэлүүдэд бичдэг. Өвлийн сард Тасамын тахилга гээд гал голомт, галын тахилга ч бас л Чингис хаантай холбоотойгоор яригддаг гэх мэт. Монголчууд нүүдэлчин улс учраас мал маллагаатай холбоотой жилийн дөрвөн улиралд үйлддэг ёс заншлын зүйлсээ бүгдийг нь Чингис хаантай холбоод байх болсон байдаг.
Судрын чуулган