Сирийн асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг НҮБ-ын тэргүүн уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-05 11:25:58

ВАШИНГТОН./Xinhua/.Сирид байлдааны ажиллагааг зогсоох асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг АНУ болон ОХУ-д хандан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.

АНУ-ОХУ-ын зуучлалаар байгуулсан Сирид гал зогсоох хэлэлцээр өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн боловч ердөө долоо хоногийн дараа байлдааны ажиллагаа дахин эрчимжиж эхэлсэн юм.

Вашингтон даваа гарагт “Москва хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхгүй байгаа учир Сирид гал зогсоох тохиролцоог сэргээх асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхээс АНУ түдгэлзэж байна” гэсэн билээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын тэргүүн мягмар гарагт мэдэгдэл хийж, Сирийн асуудалд маш их түгшиж байгаагаа илэрхийлээд “Сири даяар нөхцөл байдал маш хурцдаж, ноцтой болж байна. Байлдааны ажиллагааг зогсоох нь улам бүр ярвигтай болж байна” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “лхагва гарагт Бельгид болох Афганистанд туслах асуудлаарх олон улсын бага хурлын үеэр би АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Оросын төлөөлөгчтэй уулзаж ярилцана” гэлээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ