Төсвийн зарлагыг 20-25 хувиар бууруулна

СОНГУУЛЬ 2024
192@montsame.mn
2024-06-25 11:11:08

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эдийн засаг, бизнесийн чиглэлээр орсон заалтуудыг бизнесийн төлөөллийн байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас харьцуулан судалжээ.


Эдийн засгийн өсөлтийн талаар МАН нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, өсөлтийг 7-8 хувьд хадгална гэсэн бол АН ДНБ-ний өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх, ХҮН нам эдийн засгийн өнөөгийн болон ойрын ирээдүйн голлох салбарыг харьцангуй давуу талд нь тулгуурлан тодорхойлно гэсэн байна. Үндэсний эвсэл Монгол орны язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж, үндэстнээр амар амгалан, баян чинээлэг амьдрах хэмээн тусгажээ.

Төсвийн бодлогын талаар МАН улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна гэсэн бол АН Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана гэжээ. ХҮН нам дотоод, гадаадад үүсээд буй өрийн гол хүчин зүйл болох төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд хатуу барина гэсэн байна.

Үндэсний эвсэл төсвийн зарлагын тэлэлтийг багасгаснаар мөнгөний бодлогыг уян хатан хэрэгжүүлэх орон зай бий болгож, банкны салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна гэсэн байна.




Төрийн өмчийн талаар МАН төрийн өмчийн оролцоотой компани, ААН-үүдийг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй компани болгож, олон нийтийн шууд хяналтад оруулж, засаглал, үр ашгийг дээшлүүлнэ гэсэн бол АН төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй, олон нийтийн оролцоотой болгон хувьчлах замаар өгөөжийг нэмэгдүүлж, бүрдүүлсэн орлогыг өрийн дарамтыг бууруулахад зарцуулна гэжээ.

ХҮН нам зайлшгүй төрийн эзэмшилд байх шаардлагатайгаас бусад төрийн өмчит компаниудыг хувьчлах, үүн дотроо Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн ээлттэй ХК болгон хувьчлах бодлогыг баримтална гэсэн байна. Үндэсний эвсэл төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, бизнесийн, ТББ-ын хийж чадах болон чадаж байгаа ажлыг төр хийхгүй байх, шилжүүлэх, аутсорсинг хийх замаар бизнес дэх төрийн оролцоог тэглэнэ хэмээн тусгажээ.

Бизнесийн орчныг сайжруулах талаар МАН бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим баримталж, төрийн оролцоог хязгаарлана гэсэн бол АН монгол хүн өмчтэй байх, өмчдөө бүрэн эрхт эзэн нь байх нөхцөлийг бүрдүүлэн сайжруулж, хуулиар баталгаажуулна гэжээ.

ХҮН нам шударга өрсөлдөөнийг дэмжих, албан бус сектор, бизнесийнхэнд учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах зорилготой шинэчлэлийг эдийн засаг, эрх зүйн хувьд уялдаа, холбоотой хийнэ гэсэн байна.

Үндэсний эвсэл Хөрөнгө оруулалтын илүү таатай эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд гааль, татвар, төлөх хугацаа, хэмжээ, зураг төсөл, ТЭЗҮ-д ногдох НӨАТ, Монгол Улсын мэргэжлийн байгууллагын хүлээн зөвшөөрөх шинэчлэлийг хийж, импортыг орлох чиглэл барьж, урт, дунд болон богино хугацаагаар эрэмбэлнэ хэмээн тусгажээ.




Нэмж мэдээлэхэд, МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллажээ. Энэ оны 3 дугаар сард МҮХАҮТ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгах 14 зүйл бүхий саналыг МАН, АН, ХҮН намын удирдлагад гардуулсан байна. Мөн оны 5 дугаар сард сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт төрийн аудит дүгнэлт гарснаас хойш нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг эдийн засаг, бизнесийн чиглэлээр харьцуулжээ.

МҮХАҮТ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялж эрх барих нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, үйл ажиллагааны биелэлтийн явцыг тогтмол хянаж, шахаж ажиллахаа илэрхийлж байна. 




Холбоотой мэдээ