Долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур элбэг байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-06-26 08:35:52

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдэж, томоохон голын сав дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулав. Ирэх 7 дугаар сард ихэнх нутгаар бороо хур элбэг байна.


Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст энэ сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Баян–Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст хур бороо ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй гарлаа.  Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байх юм. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Хэнтийн баруун хэсгээр агаарын дундаж температур ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур бороо нийт нутгаар ОЖД-аас ахиу орно. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх юм. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Дундговийн нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас агаарын дундаж температур дулаан байх юм. Хур бороо нутгийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орно. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байх юм. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байх юм. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор, олон жилийн дундаж гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

 

Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.


Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 7 дугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь 8...12°С. Мөн Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг.

Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр Сарын нийлбэр хур бороо ОЖД-аар 70-100 мм байжээ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0-30 мм, бусад нутгаар 30-70 мм бороо ордог гэнэ. Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур бороо орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1999-2017 онд харьцангуй тунадас багатай жилүүд үргэлжилсэн. Харин 2018 оноос ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур бороо орсон байна.



Холбоотой мэдээ