А.Гуттереш НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Энхболдтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-01 12:26:23

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш эх орондоо бүрмөсөн буцах гэж буй Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Энхболдыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ.


НҮБ-д Монгол Улсаа төлөөлөн 4 жил гаруй хугацаанд ажиллахад Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний ажлын алба бүх талаар дэмжин, хамтран ажиллаж ирсэнд Байнгын төлөөлөгч В.Энхболд талархал илэрхийллээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш манай улсад 2022 онд айлчилсан нь Монгол Улс, НҮБ-ын харилцаанд онцлох үйл явдал болсныг В.Энхболд онцлоод, “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн түүний хэлсэн тодорхойлолт Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэнийг тэмдэглэв. Түүнчлэн, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард, мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлсэн байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс ихээхэн чармайлт гарган, идэвхтэй, өргөн хүрээнд ажиллаж буйг онцлон тэмдэглэснийг Гадаад харилцааны яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ