В.Путин "Рио-2016” Олимпын наадамд Оросын тамирчдын оролцсон байдлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр Владимир мужийн Ковров хотод уулзана гэж Кремлийн ордон мэдэгдэв. Энэ үеэр Оросын биеийн тамирын боловсролын тогтолцоо болон “Рио-2016” Олимпын наадамд Оросын тамирчдын оролцсон байдлыг хэлэлцэх аж.
“Ковров хотод болох “ОХУ-Спортын хүч” гэдэг нэртэй Олон улсын спортын 6 дугаар форумд Ерөнхийлөгч оролцоно. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаарх Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралдаан форумын үеэр болох бөгөөд Ерөнхийлөгч уг хуралдааныг даргална. Хуралдааны гол сэдэв нь Оросын биеийн тамирын боловсролын тогтолцоог сайжруулах асуудал байх бөгөөд үүний зэрэгцээ “Рио-2016” Олимпын наадамд оролцсон Орос тамирчдын оролцсон байдлыг хэлэлцэнэ” гэж мэдэгдэв.
Уг хуралдаанд ОХУ-ын сайд нар, мужийн захирагчид, Олон улсын олимпын хорооны гишүүд, ОХУ-ын спортын холбоодын тэргүүн нар оролцох ажээ.
Үүнээс гадна В.Путин “Владимир муж дахь самбогийн өдрүүд” хэмээх спортын наадмыг үзэж сонирхоно. Түүнчлэн Олон улсын спортын форумд оролцох гадаадын спортын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Д.Нямтулга