Онон, Улз, Хурх гол үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-25 13:46:56

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Улз, Хэрлэн голын усны түвшин өчигдрөөс 10-50 см нэмэгдэж, Туул гол дагуудаа, Хэрлэн гол эх, адаг хэсгээрээ, Онон, Улз зэрэг гол үерийн түвшинг 10-25 см, Хурх гол үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерлэж байна.


Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10 см орчим давжээ. Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна.


Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 40-70 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 10-15 см нэмэгдэж, аюул түвшинг 5-15 см , Онон гол Дадал сум орчимд 20 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см даван үерлэх төлөвтэй байна.


Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал их байна. Иймд иргэд, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга хүлээн авч байхыг санууллаа. 

Холбоотой мэдээ