ХОВД: Ойрын өдрүүдэд зарим газраар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-31 13:02:06

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс наймдугаар сарын 5-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулав. 

 

Зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг мөн анхаарууллаа. 

 

Наймдугаар сарын 1-3-ны өдөр зарим газраар бороо орно. 

Салхи наймдугаар сарын 1, 3-нд зарим газраар секундэд 7-12 метр, алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Мөн борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй. 

 

Агаарын температурын хувьд  уулархаг нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +22+27 градус байна.  Бусад нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +27+32 градус дулаан байна. 

 

Ташрамд, цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд зарим газраар, 30-70 хувьд ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд бүх нутгаар гэсэн нэр томъёо хэрэглэдэг.

 

Хүн болон байшин, барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метрт модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ.

 

Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.

 

Салхины хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.

 

Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ. Салхины хурд секундэд 30-32 метрт их сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхорно. 

Холбоотой мэдээ