ОРХОН: Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ойн баяраар 7 иргэн “Хүндэт иргэн” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-01 07:53:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Анхдагч, Илгээлтийн эздийн 50 жилийн  ой,  Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан, Орхон аймгийн баяр наадам эхэллээ.

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын гурав дахь том хот Эрдэнэт хотод анхдагч, илгээлтийн эзэд ирсэний 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү баяр, наадмыг наймдугаар сарын нэгэн, хоёронд Орхон аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсаны дагуу өнөөдөр тэмдэглэж байна.

Ойн баярыг тохиолдуулан Орхон аймаг, Эрдэнэт хотын дээд шагнал “Хүндэт иргэн” –ээр долоон иргэнийг шагналаа. Энэ шагналыг Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, Эрдэнэт хотод 30-аас дээш жил ажиллаж, оршин суугаа иргэнд өгдөг журамтай юм.

Үүний дагуу  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригт, Нийтийн аж ахуй, барилга угсралтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ш.Бээжинхүү, Монгол Улсын гавьяат багш Д.Амар, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ч.Цэндсүрэн, Төр захиргааны ахмад ажилтан Т.Алтанхуяг, Д.Дэлгэр, Ч.Сайлаухан нар “Хүндэт  иргэн” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Уг  шагналыг  2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойгоор  олгож эхэлсэн бөгөөд нийт 53 иргэн Хүндэт иргэн болжээ.  

 

 

Холбоотой мэдээ