Өдрийн сурвалжилга: Энэ жил хичээлийн хэрэгслийн үнийг нэмээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын их дэлгүүрээс урагш зам уруудахад өнгө өнгийн шүхрээр чимэглэсэн, 100 гаруй асар бүхий талбай угтана.
Энэ бол нийслэлийн 15 байршилд нээгээд буй хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны нэг хэсэг юм. Эрдмийн хонх жингэнэн цангинах цаг ойртож эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базаахаар нийслэл хотыг сүлжин давхилдаж, замын хөдөлгөөнийг хэт ихэсгэдэг билээ. Тиймээс гэртээ ойр газраас бүхий л шаардлагатай барааг худалдан авах боломжийг бүрдүүлдгээрээ хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийнхэнд олон таатай боломжийг олгодог. Бага үдийн нар хэвийх цагаар талбайн дундуур алхвал дүрэмт хувцас өмсөж үзэж буй хүүхдүүд, хэмжээ хийц нь таарч буй эсэхийг нягтлах эцэг эхчүүд олон байлаа. Хичээлийн хэрэгслийн лангуунууд ч хөл хөдөлгөөн ихтэй, “24 хуудастай дэвтрээс төдийг өдийг нэмж авъя” гэцгээх нь сонстоно.
Хичээлийн хэрэгслийн үнийн хувьд, хийц, загвар, материалаасаа хамаараад цүнх дунджаар 85 мянган төгрөг байна. Харин 24 хуудастай 15 дэвтэр, харандаа, баллуур, үзэг, хавтас, зургийн дэвтэр, өнгийн харандаа зэргийг худалдан авахад дунджаар 30 мянган төгрөг орчим болж буй ажээ.
Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас 119-168 мянган төгрөг,
дунд ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт
хувцас иж бүрнээрээ /хүрэм, өмд, цамц, зангиа/ 202 мянган төгрөг бол эмэгтэй
дүрэмт хувцас 198 мянган төгрөг болж байлаа. Харин ахлах ангийн эрэгтэй сурагчдын
дүрэмт хувцас 234 мянга, эмэгтэй сурагчийнх 277 мянган төгрөгийн үнэтэй байна.
Цаашлан үзэсгэлэн худалдааны баруун булан дахь хичээлийн хэрэгслийн асарт хүрэв. Энд харин худалдан авагч харьцангуй цөөн байв. Бага, дунд , ахлах ангийн сурагчдад хэрэгтэй барааг нямбайлан өрөөд дараагийн үйлчлүүлэгчийг хүлээх зуур нь Б.Долгионоос хэдэн зүйлийг тодруулсан юм. Түүний хувьд анх удаа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ажээ. Одоохондоо худалдан авалтын оргил үе хараахан эхлээгүй байгааг тэрбээр дурдаад, “Бичиг хэргийн дэлгүүрт маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Харин үзэсгэлэн худалдааны хувьд, хүүхдийн хичээлд хэрэгтэй гол чухал барааг өргөн сонголттой худалдаж байна. Хаанаас авах вэ, хаана байгаа бол гэж эрж хайх шаардлагагүйгээр ирж үйлчлүүлснээр худалдан авагчдын цагийг ихээхэн хэмнэдгээрээ үзэсгэлэн худалдаа ач тустай”-г тэрбээр онцолж байв.
Худалдаа эрхлэгчдийн яриагаар, энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ огт нэмэгдээгүй гэнэ. Хэдийгээр манай улс хичээлийн хэрэгслийн 90 хувийг импортолдог ч үнэ ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгааг тэд тодотгож байв. Ажлын өдрүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа харьцангуй хүн цөөнтэй байгаа бол амралтын өдөр хөл хөдөлгөөн эрс ихэсдэг байна. Цаашлаад хичээлийн шинэ жил дөхөх тусам бараа таваарын үнэ нэмэгдэх, худалдан авагчдын хөл хөдөлгөөн нэмэгддэг учраас бараа бүтээгдэхүүн сонголт сайтай байх үед нь үйлчлүүлэхийг худалдаа эрхлэгчид зөвлөж байв.
Сурагчаас гадна цэцэрлэгийн насныхны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах “нүсэр ажил” эцэг эхчүүдэд тулгардаг. Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч 17 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл бэлтгэдэг. Цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг багцалж авахад дунджаар 90 мянган төгрөг орчим болж байгааг эцэг эхчүүд хэлж байлаа. Харин ариун цэврийн хэрэгсэл нь мөн хүүхдийн насанд тохирсон, чанарын стандартыг хангасан гарын шингэн саван, шүдний оо, сойз, ариун цэврийн цаас, амны цаас, барааны саван хамгийн багадаа 80 мянган төгрөг болох гэнэ. Ингээд тооцвол цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд хамгийн багадаа 200 мянган төгрөг болох тооцоо гарч байна. Харин цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг улирлаар бус бүтэн жилээр авдаг байх хүсэлтэй байдгаа эцэг эхчүүд дайж байв. Өмнө нь бүтэн жилээр авдаг байсан бол сүүлийн жилүүдэд ихэнх цэцэрлэг улирлаар авдаг болсныг эцэг эхчүүд ихээхэн төвөгшөөж байгаа ажээ.
Сурвалжилгыг бэлтгэсэн Д.Халиунаа