Израилын цохилтод өртөн Бейрутад таван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-03 09:53:27

БЕЙРУТ, 2024 оны аравдугаар сарын 3 /DW/. Бейрут хотын төвийг онилсон Израилын агаарын цохилтод өртөн таван хүн амиа алдаж, найман хүн шархадсан тухай Ливаны Эрүүл мэндийн яам өнөө өглөө мэдээлжээ.


НҮБ-ын байр, Ерөнхий сайдын ажлын албаны байр, Ливаны парламентын байрнаас холгүй орших Башура дүүрэг дэх нэгэн орон сууцны барилга агаарын цохилтод өртсөн байна. Цохилт өгөхийн өмнө ямар нэгэн анхааруулга өгөөгүй гэж Associated Press агентлаг мэдээлжээ.


Хезболлагийн мэдэлд байдаг Аль-Манар телевизийн суваг мэдээлэхдээ, уг цохилт нь Хезболлагийн эрүүл мэндийн төвийг онилсон байна. “Хезболла бол Иранаас дэмжлэг авдаг Ливан дахь шиит шашинтнуудын улс төрийн нам, зэвсэгт бүлэглэл юм. Тус бүлэглэлийг АНУ, Герман болон сунни урсгалыг дагадаг Арабын хэд хэдэн улс "террорист байгууллага" гэж үздэг бол Европын Холбоо зэвсэгт жигүүрийг нь террорист бүлэглэлийн жагсаалтад оруулсан байна.


"Израил ба Хезболлагийн мөргөлдөөний явцад шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн улмаас Ливаны эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байна" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр олон нийтийн сүлжээний хуудсандаа бичсэнээр, Ливанд амиа алдагсдын тоо нэмэгдэж, эмнэлгүүд шархадсан өвчтөнүүдийн хөлд дарагдах болсон байна.


Ливаны эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн мөргөлдөөний улмаас Ливанд 1000 гаруй хүн амь үрэгджээ. Зөвхөн лхагва гарагт л гэхэд Израилын агаарын цохилтод өртөн 46 хүн амиа алдаж, 85 хүн шархадсан байна.


“Мөргөлдөөн цаашид хурцадвал бүс нутагт гамшигт үр дагаврыг авчрах болно. Хамгийн сайн эм бол энх тайван юм” гэж Т.Гебрейесус хэлсэн байна.

 


Холбоотой мэдээ