ДУНДГОВЬ: Цагаан суваргыг зорих жуулчдын тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ жил хилийн чанадаас Дундговь
аймгийн Цагаан суваргыг зорин ирэх жуулчдын
тоо нэмэгджээ.
Говь нутгийн үзэсгэлэн
бүрдсэн Цагаан суварга нь Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг бөгөөд гоо
үзэсгэлэн, солонгорсон өнгө, өвөрмөц тогтцоороо говь нутагт аялах дотоод,
гадаадын жуулчдыг татдаг онцлогтой.
Байгалийн энэхүү өвөрмөц
газрыг түшиглэн хэд хэдэн жуулчны бааз байдгаас хамгийн анх байгуулсан нь “Цагаан
суварга” жуулчны бааз юм. Тус жуулчны бааз энэ жил гадаадын 3870, дотоодын 1658
жуулчин хүлээн авчээ.
Хилийн чанадаас тус
баазыг зорин ирсэн жуулчдын тоо энэ жил 1000 гаруй хүнээр нэмэгдсэн ба гадаад жуулчдын
32 хувийг Герман, 28 хувийг Солонгос, 23 хувийг Итали улсын
жуулчид эзэлж байна.
Тус жуулчны бааз нэг ээлждээ 120-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэр буудал, 80 хүн хүлээн авах ресторан, ариун цэврийн байгуулмж бүхий цэвэр тохилог орчин, үйлчилгээгээрээ аялагчдын сэтгэлийг татдаг. Түүнчлэн аялагчдад зориулан захиалгат үйлчилгээ, ардын урлагийн тоглолт, эсгий гэр барих, тэмээн пологийн үзүүлэх тоглолт, морь тэмээн аялал зэрэг монгол өв соёлыг харуулсан үйлчилгээ үзүүлж, үндэсний төрөл бүрийн хоол хийж үйлчилдэг юм.
Дундговь аймгийн “Цагаан
суварга” нь Өлзийт сумын нутагт сумын төвөөс 70, Улаанбаатар хотоос 426,
Мандалговь хотоос баруун урагш 156 км-т байрладаг.
Ямар нэг уул, хайрхан,
суварга нь аль ч талаасаа харагддаг бол Цагаан суварга урд талаасаа тэгш тал
явсаар огцом цав болдог онцлогтой. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны
дээр гарахад өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гайхамшгийг тольдох боломжтой.
Мөргөцгийн өндөр нь
60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц
эрэгтэй юм. Хайрхан дээрээс нар мандахыг харвал өнгө өнгийн солонгон дунд
умбаж, эрт галавын үед очсон шиг тийм амар амгаланг мэдэрч, сайхан мэдрэмж
авдаг гэдэг. Нутгийн иргэд “Цагаан суварга”-ыг “энергийн төв” ч гэж тодорхойлох
нь бий.
Өлзийт сумын нутагт Цагаан суваргыг зорьсон хэн бүхний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх үзэсгэлэнт газар олон бий. Хөх цав, Хэвтээ босоогийн агуй, Дэл уулын хадны сүг зураг, бичээс, Нарийн өндөр хадан хавцал, Дөрөө хангинах, Хонгор хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг дурдаж болно.