БУЛГАН: Аймгийн хэмжээнд 630 малчин өрхийн 190 мянган мал отроор өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Манай аймагт 11.4 мянган малчин, мал бүхий өрхөд 3 сая толгой мал өвөлжинө.
Өөр аймгийн нутагт 38 малчин өрхийн 15.1 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 411 малчин өрхийн 81.0 мянга, хилийн зурвас бүс нутагт 34 малчин өрхийн 1.3 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 133 малчин өрхийн 86.7 мянга, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 14 малчин өрхийн 5.2 мянга, нийт 630 малчин өрхийн 190 мянган мал отроор өвөлжих судалгаа гараад байна.
Аймгийн хэмжээнд өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрчээ.
Бэлчээрийн
даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
46 % - бэлчээрийн нөөцтэй
21 % - бэлчээр
хүрэлцээтэй
26 % - даац 1-3
дахин хэтэрсэн
2 % - даац 3-5
дахин хэтэрсэн
5 % - даац олон
дахин хэтэрсэн байна.
Сумын дүнгээр авч үзвэл, Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрсэн байна.