“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралтай худалдаа шинжээчдийн анхаарлыг татаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /AFP/. Хятадын цахим худалдааны хамгийн том хямдрал явагдаж буй энэ үед хэрэглээний зардал эргэн нэмэгдэх шинж тэмдэг ажиглагдах эсэх нь шинжээчид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна. Энэ удаагийн хямдрал дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх чиглэлд Бээжин ихээхэн хүчин чармайлт гаргаж буй үед тохиож байна.
Хятадын технологийн салбарт тэргүүлэгч “Alibaba” компани 2009 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг хямдралтай худалдаа нь жил бүрийн энэ үед их хэмжээний орлого авчирдаг.
Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц биечүүдийн өдөр” нь “Alibaba” болон түүний гол өрсөлдөгч “JD.com”-ын борлуулалтын гол хөдөлгөгч хүч болжээ. Гэхдээ хоёр компанийн аль аль нь өнгөрсөн онд “Ганц биечүүдийн өдөр”-ийн борлуулалтын талаарх дэлгэрэнгүй тоо баримтыг хоёр дахь жилдээ дараалан танилцуулаагүй бөгөөд “Alibaba”-гийн хувьд борлуулалт өссөн хэмээн мэдэгдсэн юм.
Дотоодын хэрэглээ саарч буй нь цар тахлаас үүдэлтэй үр дагавраас бүрэн сэргэхийг зорьж буй Хятадын бодлого боловсруулагчдын өмнө тулгарч буй гол асуудлуудын нэг болоод байна. Тус улсын эрх баригчид сүүлийн долоо хоногт эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ зарлаад байгаа юм. Тухайлбал, бодлогын хүүг бууруулах, орон нутгийн засаг захиргааны өрийн хязгаарыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Гэвч хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн томоохон хөшүүрэг байхгүй тохиолдолд цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтүүдэд дахин хүргэх нь амаргүй байх магадлалтай гэж олон эдийн засагч үзэж байна. Шинжээчдийн ярьж буйгаар, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр өгөөж гарч буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр” жижиглэнгийн худалдааны томоохон компаниудын хувьд ихээхэн ашгийг авчирч магадгүй байна.
Дижитал эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн “VO2 Asia Pacific” зөвлөх компанийн тооцоолсноор, энэ оны “Ганц биечүүдийн өдөр”-өөр 1.2 их наяд гаруй юанийн /167 тэрбум ам.доллар/ орлого олох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм.