“Лэйкерс” анх удаа NBA-гийн цомын тэмцээнд хожигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТФИНИКС, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /RT/. Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр явагддаг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) цомын төлөөх тэмцээний тоглолтод “Лос-Анжелес Лэйкерс” баг “Финикс Санз” багт талбайд нь хожигджээ.
Өрнөд бүсийн В хэсгийн тоглолтод талбайн эзэн баг 127:100 (31:25, 31:35, 36:18, 29:22) харьцаагаар хожсон байна. “Санз” багаас Девин Букер хамгийн олон оноо (26 оноо, 10 оновчтой дамжуулалт) авсан бол Юсуф Нуркич дабл-дабл (12 оноо, самбараас 12 удаа бөмбөг авсан) хийжээ. Бэртлийн улмаас тоглолтуудыг өнжөөд байсан Кевин Дурант 23 оноо авсан байна. "Лэйкерс" багаас Энтони Дэвис (25 оноо, самбараас 15 удаа бөмбөг авсан) дабл-дабл, Леброн Жэймс (18 оноо, 10 оновчтой дамжуулалт) мөн дабл-дабл хийжээ.
Өнгөрсөн онд бүх долоон тоглолтод хожиж, цомын эзэн болж байсан “Лэйкерс” анх удаагаа NBA-гийн цомын тэмцээнд хожигдлоо. Өрнөд бүсийн В хэсгийг “Лэйкерс”, “Санз” багууд хоёр хожил, нэг хожигдолтой тэргүүлж байна.
NBA-гийн цомын тэмцээн хэсгийн болон хасагдах шат гэсэн хоёр үе шаттай явагддаг. Тэмцээнд оролцогчид зургаан хэсэгт хуваагдсан бөгөөд баг тус бүр дөрвөн тоглолт (хоёр нь талбайдаа, хоёр нь зочлон) хийнэ. Хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд плей-оффт шалгарна. Тэмцээн 12 дугаар сарын 17-нд өндөрлөх бөгөөд түрүүлсэн багийн тоглогч бүр 500 мянган ам.долларын шагнал хүртэнэ.