Малчид нэмэлт орлого олох бизнестэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-21 11:57:25

Дундговь аймгийн Луус сумын малчид малын арьс шир боловсруулах сургалтад хамрагдаж, чадамжийн гэрчилгээ гардан авсан байна. Тэд цаашид бүлэг үүсгэн арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэх ажээ.  

Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд олон улсын уриалга гаргаж, Монгол Улсын 17 аймгийн 5400 гаруй малчин өрхөд хүнсний багц, бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн. Гамшгийн үеийн яаралттай тусламжийн дараагийн шатанд малчдад мал аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар зах зээлээс нэмэлт орлого олох эх үүсвэртэй болоход нь туслах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Энэ төсөлд Дундговь, Өвөрхангай, Булган аймгийн нийт 100 малчин өрх хамрагдана. 10 малчин нэг бүлэг үүсгэж, нэмэлт орлого олох үйлдвэрлэл эрхлэх бөгөөд Дундговь аймгийн хувьд Луус, Дэлгэрцогт, Сайнцагаан сумын 30 гаруй малчин хамрагдаж, 3 бүлэг үүсгэжээ.

Луус сумын малчдын бүлэг малын арьс шир, Дэлгэрцогт сумын малчид сүү, цагаан идээ, Сайнцагаан сумын малчид малын дайвар бүтээгдэхүүн боловсруулна. Малчдын бүлгийн энэ бизнес санааг зах зээлийн түргэвчилсэн судалгаагаар гаргаж ирсэн гэж Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Сампил хэллээ. Тодруулбал, зах зээлийн түргэвчилсэн судалгаа хийх сургагч багшийг МУЗН, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд сургагч багш нар малчдад орлогын ямар нэмэлт эх үүсвэр байж болохыг орон нутагтаа судалж гаргажээ. Дундговь аймгийн хувьд 7 төрлийн үйлдвэрлэлийн санааг гаргаж ирснээс малчид ийнхүү сонгосон байна.

Малчдыг чадавхжуулах сургалт уржигдар Луус сумаас эхэлсэн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Дэлгэрцогт суманд үргэлжилнэ. Сургалтыг аймгийн Улаан загалмай хороо “Төгс оршихуй” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд малчдаа ингэж чадваржуулсны дараа тэдэнд үйлдвэрлэлээ эхлүүлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг МУЗН, Олон улсын улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд үзүүлэх юм байна.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ