ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн авто машиныг татан гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын “Хирвэстийн ам” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км-т Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн үйлдэж явсан авто машин өглөөний 6 цаг 40 минутад мөсөнд цөмөрсөн байна.
Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 авто машинтай дуудлагын дагуу очиж “HONDA CR-V” загварын автомашин нуурын эргээс 30 метрийн зайд хажуу талаараа мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргасан байна.
Авто машинд 3 зорчигч явсан бөгөөд бүгд эсэн мэнд гарсан байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж гарган мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон.
Гэвч иргэд зам дөтлөх
зорилгоор зорчсоор байна. Иргэд, малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр
хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь, эд хөрөнгөд хохирол учруулахгүй
байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.