БАЯНХОНГОР: 1900 гаруй сурагч монгол хэл бичгийн шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-28 10:31:18
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Шинэчлэн баталсан журмын дагуу монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 18-19-нд "Номун далай" цогцолбор сургуульд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд 10-11 дүгээр ангийн 1027 сурагч, 12 дугаар ангийн 860 суралцагч шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Аймгийн Боловсролын газраас элсэлтийн шалгалтын бэлтгэл хангах хүрээнд Баянхонгор сумын Засаг даргын ивээл дор 10 хичээлээр элсэлтийн шалгалтын хамтарсан сорил зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан элсэлтийн уралдаант шалгалтын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтааж дуусгахыг Ерөнхий боловсролын сургуулиудад үүрэг болгожээ.

Их, дээд сургуульд элсэн суралцах оюутнууд, төгсөх ангийн сурагчид "Монгол хэл бичгийн шалгалт"-д заавал хамрагдсан байхыг шаарддаг болсон. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой үйл ажиллагаа юм.

Тус шалгалтаар уншиж ойлгох чадвар, зөв бичих дүрмийн хэрэглээний чадвар, үндэсний бичгээр унших чадвар, эх зохион найруулах буюу илэрхийлэх чадварыг сорьсон задгай хэлбэрийн даалгавраар шалгуулагчийн бодит чадварыг үнэлдэг.

Сонирхуулахад, Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч ЕБС-ийг төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтад 10 хичээлээр 2000 шахам /давхардсан тоогоор/ шалгуулагч өрсөлдсөн байна.
Холбоотой мэдээ