Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд шиитүүд нэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-30 12:12:37

БАГДАД. /Xinhua/. Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагаанд шиит дайчдыг нэгтгэлээ гэж Иракийн Засгийн газар мэдэгдэв.

3000 орчим шиит дайчид өчигдөр Мосул хотоос баруун зүгт 50 км зайд орших Тал Афар хотын ойролцоо цэргийн ажиллагаа эхлүүлжээ. Тэд “Лалын улс” бүлэглэлийн цэрэг, техникийн хангамжийн замыг хаах зорилготой ажээ.

Мосул хот болон ойр орчмын оршин суугчдын дийлэнх нь суннитууд байдаг бөгөөд тэд шиитүүдээс ихэд болгоомжилдог байна. Гэвч Иракийн Засгийн газар Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд шиитүүдийг нэгтгэж, хүчээ зузаатгахаар төлөвлөжээ.

Ирак болон Курдын хүчин Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг энэ сарын 17-нд эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар тэд Мосул хотын төв рүү хэдэн км-ээр ойртоод байна.

Харин “Лалын улс” бүлэглэлийн босогчид Ирак дахь хамгийн том түшиц газраа хамгаалахын тулд амиа золиослох халдлага, зам дагуу тэсрэх бөмбөг суурилуулах зэрэг олон арга зам ашиглаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ