Б.Билгүүн мөнгөн медалийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-30 12:39:13

ОХУ-ын Красноярск хотноо болж буй Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 42, 50, 58, 69, 85, 120 кг жингийн барилдаанууд болж манай 4 бөх дэвжээнд гарч хүч үзсэнээс 85 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Б.Билгүүн мөнгөн медаль хүртжээ.

Өнөөдөр 46, 54, 63, 76, 100 кг жингийн барилдаанууд болно. ОХУ-ын гавьяат тамирчин, олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн болон Европын 6 удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофей” шагналт, алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХII тэмцээн Красноярск хотын хөлбөмбөгийн “Футбол-Арена Енисей” ордонд явагдаж байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос техникийн төлөөлөгчөөр олимпийн зэрэглэлийн шүүгч, Туркийн иргэн Левент Сен, олимпийн зэрэглэлийн шүүгч, Беларусийн иргэн Игорь Брель нарыг томилжээ. Ерөнхий шүүгчээр ОХУ-ын шүүгч В.К.Райков ажиллаж байна.

Тэмцээнд Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Узбек зэрэг гадаадын 5 орон, ОХУ-ын Буриад, Дагестан, Ингушет, Тува, Чечень, Якутын бүгд найрамдах улс, Ставрополь, Краснодар, Красноярскийн хязгаар, Санкт-Петербург, Ижевск, Эрхүү, Владивосток, Хабаровск, Новосибирск зэрэг хотуудын 200 орчим бөхчүүд өрсөлдөж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ