СҮХБААТАР: Сувилагч мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-14 12:06:26

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг АШУҮИС-тай хамтран ажиллаж орон нутагтаа сувилагч мэргэжилтнийг бэлтгэнэ.


Тодруулбал, сувилагч мэргэжлээр суралцах хүсэлтэй төгсөгчид болон иргэдийг 2,5 жилийн хугацаанд орон нутагт нь сургалтад хамруулна. АШУҮИС болон Дорноговь салбар сургуулийн багш, мэргэжилтнүүд сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр явуулах юм.



Улсын хэмжээнд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийн нэг бол сувилагч. Ялангуяа сувилагч мэргэжилтэн хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт нэн дутагдалтай байна. Сүхбаатар аймгийн хувьд 66 мянган хүн амтай. Нэг их эмч болон сувилагчид ноогдох үйлчлүүлэгчийн тоо улсын дунджаас илүү байгаа нь эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ажлын ачаалал их байгааг илтгэнэ. Тиймээс дутагдалтай мэргэжилтнийг бэлтгэх замаар салбарын хүний нөөцийг бэхжүүлж, чадавхжуулахад энэхүү төсөл хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдгийг талууд онцолж байна.


Сувилагч бэлтгэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хоёр дахь аймаг нь Сүхбаатар. Би өмнө нь Өвөрхангай аймагт үүнийг хэрэгжүүлж, 46 сувилагч мэргэжилтнийг бэлтгээд байна. Хамгийн гол нь өөр газар очиж, урт хугацаагаар суралцах боломжгүй иргэд болон амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд орон нутагтаа буюу гэрээсээ сурах боломжийг олгож байгаа юм. Нөгөө талаар улсын хэмжээнд сувилагч мэргэжилтэн бол тэргүүлэх чиглэлийнх гэдгийг зарласан учир суралцагчид маань Монгол Улсын Засгийн газрын бүрэн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Хамгийн гол нь үүний тулд босго буюу 501-ээс дээш оноог авах шаардлагатай. Үнэхээр тэтгэлгээр суралцаад орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй сурагчид байвал бид ЭЕШ-д нь зориулсан сургалтыг ч өгөх боломжтой. Энэ олон боломжийг орон нутгийн хүүхдүүд, иргэд маань битгий алдаасай гэж хүсэж байна. Нөгөө талаар одоо салбартаа ажиллаж байгаа сувилагч мэргэжилтнүүд маань давхар өөрсдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх том боломж юм. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болсонд баяртай байна гэж АШУҮИС-ийн тэргүүн дэд бөгөөд эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан хэллээ.


Сургалт ирэх 9 дүгээр сард эхлэх бөгөөд энэ хугацаанд оюутны бүртгэл, сургалтын байр, багш ажилчдын ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажил өрнөнө.

  

Холбоотой мэдээ