ОРХОН: "Гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүд-III" аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Орхон аймгийн Улаан загалмайн нийгэмлэг, Онцгой байдлын газар хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүд 3” аяныг “Эрүүл эмэгтэй-Эрсдэлгүй гэр бүл” уриатайгаар зохион байгууллаа.
Аяны нээлт өнөөдөр болж гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо, өрх, гэр бүл, байгууллагын түвшинд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх, бууруулах, бэлэн байдалд ажиллах талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл мэдээлэл өглөө.
Мөн зонхилон тохиолдох өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх чиглэлээр амны хөндийн эрүүл ахуй, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар мэдээлэл өгч, эрүүл зөв дадлыг хүн нэг бүрд суулгахад эмэгтэйчүүдийг манлайлан ажиллахыг уриалсан юм.
Өнөөдрийн сургалтад 88 байгууллагын 450 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд эдгээр эмэгтэйчүүд зургаан сарын турш нөлөөллийн аяныг өрнүүлж, өрх, байгууллагын түвшинд мэдээллийг түгээж ажиллах юм.