Иргэд төлбөрийн чадваргүйгээс 300 айлын орон сууц эзэнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:28:54

Өвөрхангай аймагт сүүлийн дөрвөн жилийн байдлаар 1050 айлын орон сууц ашиглалтад ороод байна.  Харин  улс орны эдийн засгийн хямрал иргэдэд нөлөөлсний улмаас орон сууц худалдан авах чадвар эрс буурч, одоогоор 300 айлын орон сууц эзэнгүй байгаа аж. Энэ нь барилгын компаниудад ч хүндээр тусч, ирэх жил орон сууц барих захиалга нэг ч ирээгүй байна.

Аймгийн удирдлагаас газар олголт, инженерийн шугам сүлжээ тавих асуудлыг бүрэн шийдвэрлэж өгснөөр хувийн барилгын компаниуд  орон сууц барих ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Аймгийн бодлого, шийдвэрээр орон сууцны метр кв талбайн үнийг 1,1-1,2 сая төгрөгийн үнэлгээнд бариулсны үр дүнд болон ипотекийн зээлийн хүрээнд орон сууц олноор баригдах, иргэд хотын тав тухтай  орчинд амьдрах нөхцөл бүрджээ. Ингэснээр Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт тусгагдсан “Аймгийн хэмжээнд орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хороолол барьж, 1000 айлыг орон сууцжуулах” зорилт Өвөрхангай аймагт бүрэн хэрэгжиж байгаа юм.

 

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ