Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис хотын нутаг дэвсгэрт орон сууцны байрны гадаа, гудамжинд тавьсан автомашины толийг хугалж эвдсэн удаа дараагийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж эзэн холбогдогчдыг тогтоожээ.
Хэргийг Хэрлэн сумын 1, 4, Тэмүүжин цогцолбор сургуульд суралцдаг 14-17 насны хүүхдүүд нийлж, шөнө оройн цагаар дэмий сэлгүүцэх үедээ бусдын эд зүйлийг эвдэн сүйтгэснийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад эдгээр хүүхдүүд нийт 34 удаагийн үйлдлээр иргэдийн 20 автомашины толь, 12 айлын цонх, 2 айлын телевизийн антенныг санаатайгаар эвдэн хохирол учруулсан нь тогтоогджээ.
Иймд иргэдийг автомашинаа хараа хяналтгүйгээр гудамж, талбай, орон сууцны гадаа, ил зогсоолд удаан хугацаагаар орхихгүй байх, тээврийн хэрэгслээ дохиоллын систем, автомашины камертай болгох, амьдарч буй орчиндоо хяналтын камер, гэрэлтүүлэг суурилуулж, эд хөрөнгөө хамгаалахыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас зөвлөж байна.
Д.Одонтунгалаг