Жирэмсэн найман эх оторт явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-18 01:14:54

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож зарим сумдад өвөлжилт хүндэрч эхэлсний улмаас малыг онд оруулахын тулд малчид оторт гарч байна. Өөрийн аймгийн болон бусад сумын нутагт 13 сумын 461 өрхийн 1209 хүн отроор явж байгаагийн дотор хүүхэд 324, 55-аас дээш насны эмэгтэй 46, 60-аас дээш насны эрэгтэй 21, жирэмсэн 8, хөгжлийн бэрхшээлтэй 12, хэвтрийн 10 хүн отроор явж буй дүн мэдээг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргажээ.

Оторт 165,7 мянган толгой мал үүнээс бод 40,4 мянга, бог 125,4 мянган толгой тус тус өвөлжиж байна. Аймгийн ИТХ-ын 2001 оны 03 тоот тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар сум дундын  отрын бэлчээр нутагт оруулах малын тоо, отрын бүс нутгийг ашиглах гэрээг батлуулан мөрдөн ажиллаж байгаа гэнэ.

12 сумын 259905 га бэлчээр нутагт 251892 толгой мал оруулахаар тогтоосноос өнөөдрийн байдлаар 10 сумын отрын бүс нутагт 405 өрхийн 116563 толгой мал үүнээс бод 24160, бог 92403 толгой, хонин толгойд шилжүүлснээр 237363 толгой мал өвөлжиж байна.

Эрдэнэбулган сумын Горьхон, Рашаант сумын Натгуй, Бадгуй, Их-Уул, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын нутагт отор хараахан ороогүй байгаа гэнэ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ