Төсвийг өмнөхөөсөө илүү хариуцлагатай хэлэлцэх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-16 13:13:36

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, түүнийг дагалдсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаагаас энэ оны эхний 8 сарын байдлаар төсвийн тасалдал 660.7 тэрбум төгрөгөөр тасарч, он дуусах үед 900 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр байгаа тул төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулж дахин тооцож төсөвт тусгах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн төсвийн тодотголтой дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 11 хууль, УИХ-ын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ.

Хуралдааны үеэр МАН-ын гишүүд төсөвтэй холбоотой хууль хэлэлцэж байгаа энэ үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хуралдаандаа суух ёстой гэсэн шаардлага тавьж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Ирц чинь 32 байна. Ирцгүйгээр улсын төсөв хэлэлцдэг юм уу, сайд наргүйгээр төсөв хэлэлцдэг юм уу” гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Өглөөний ирцээрээ хуралдана гэж хуралдааныг даргалагч хэлж байна. МАН-ын 15 гишүүн үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн А.Бакей, "Төсөв түүнийг дагалдаж байгаа хуулийн төслөөр утгагүй улс төр хийгээд байхаар улс орон хүнд байдалд орж байна. Засгийн газар боломжийн хэрд хуулийн төслөө оруулж ирсэн. Буруу зөрүү хийсэн бол сайжруулаад явах эрх нь УИХ-д бий” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төсвийн асуудлыг өмнөх жилүүдээсээ илүү хариуцлагатайгаар ярих хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2016 оны төсөв дээр хөрөнгө оруулалт тал дээр тавьсан 100 гаруй тэрбум төгрөгийг хасах хэрэгтэй. Урсгал зардлыг танах гэсний хэрэггүй. Өнөөдөр ихэнх иргэд чинь орон сууцны зээлтэй байгаа шүү хэмээн сануулсан. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварыг нэмэх гэж байгааг буруушаав.  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зарлагыг хэрхэн багасгаж, орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр нягталж харвал олон өөрчлөлтийг төсвийн төсөл дээр тусгаж болохоор байна гэсэн юм. Гишүүд үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад олонх эдгээр хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ