Завхан аймаг ирэх хавар гурван төрлийн шинэ сортын төмс тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-07 22:04:59

Завхан аймаг орон нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа, таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сантай болжээ.

Аймгийн төмсний үрийг нутагшсан ургац өндөртэй сортын үрээр шинэчлэх зорилгоор эрт болцтой “Солист” сортын үрийн төмс 6.3 тн, “Гала”, Импала сортын үрийн төмс 2.0 тн-ыг өрхийн тариалан эрхэлж байгаа 20 гаруй тариаланчдад өнгөрсөн жил гэрээгээр олгож үржүүлжээ.  Мөн “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдсэн байцаа, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, лооль зэрэг нийт 48.0 кг хүнсний ногооны үрийг сумдын газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Мал эмнэлэг үржлийн тасагт үнэгүй олгожээ. Тиймээс ирэх хавар Завхан аймагт өөрийн аймагт хамгийн их тариалдаг астила сортын төмснөөс гадна гурван төрлийн сортын төмсийг ирэх хавраас тариалах юм байна.

Дашрамд дурдахад астила сорт нь Зүүн Германаас /хуучин/ гаралтай. 1970-д оны сүүлчээр манай оронд нутагшсан. Эрт болцтой, хоолны төмс юм байна. Одоо Төв аймгийн Борнуур, Жаргалант орчмоор нэлээд тариалж байгаа. Борнуурын шар төмс, Жаргалантын шар төмс, Монгол шар төмс хэмээн зах зээлд сайн танигдсан. Харин импала сорт нь Нидерланд улсын Agrico Research BV институтэд эрлийзжүүлгийн аргаар гаргасан. Европын холбооны улсуудад өргөн тариалагддаг төмсний сортын шинэчилсэн каталогид 2003 онд бүртгэгдсэн эрт болцтой сорт юм байна.  2004 оноос манай орны хэд хэдэн бүсэд экологийн сорилт хийгдэж 2006 онд ирээдүйтэй сортоор 2007 онд нутагшсан сортоор батлагджээ. Цэцгийн өнгө нь цагаан булцууны хальс шар өнгөтэй, махлаг эд нь шар, гүехэн нүдтэй, зууван дугуй хэлбэрийн булцуутай амт чанартай төмс юм байна.

2000 оноос хойш манай оронд ихэвчлэн Европын орнуудаас олон шилдэг сортууд оруулж туршин генийн санг баяжуулж, Витара, Импала, Санте, Гала, Солист, Куарта зэрэг сортуудыг нутагшуулж, одоо төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахаар болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ