Гуурсыг дахин хэрэглэсний улмаас ХДХВ халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-02-10 11:31:49

ХАНЖОУ. /ВВС/. Хятадын нэгэн эмнэлгийн ажилтан хаях ёстой байсан эмнэлгийн хэрэгслийг дахин ашигласний улмаас таван хүн ХДХВ-ийн халдвар авчээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, эмнэлгийн лаборант эмэгтэй ХДХВ-тэй өвчтөнд эмчилгээ хийхэд ашиглаж байсан гуурсыг бусад өвчтөнд эмчилгээ хийхдээ дахин ашигласан байна.

Албаны хүмүүс энэ хэргийг “дүрэм журмыг ноцтой зөрчсөн хэрэг” гэж тодорхойллоо.

Энэ хэрэгт холбогдуулан Ханжоу хот дахь Жөзян мужийн хятад анагаах ухааны эмнэлгийн /Zhejiang Provincial Hospital of Chinese Medicine/ таван ажилтныг халжээ.

Халдвар авсан хүмүүст эмчилгээ хийж, нөхөн төлбөр олгох аж.

Одоогоос 20 жилийн өмнө аюулгүй байдлын стандарт муу, зохицуулалтын дүрэм журам хангалтгүй байсны улмаас Хятадад ХДХВ/ДОХ тархсан гэж үздэг. Дээрх хэрэг нь хүмүүсийг цочирдуулж, бухимдуулж байна.

2014 оны эцсийн байдлаар, Хятадад ХДХВ/ДОХ-ын 501 мянган тохиолдол бүртгэгдээд байжээ. Эдгээр тохиолдлын цаана бүртгэгдээгүй хэдэн ч тохиолдол байж магадгүй юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ