Дархан сумын хэмжээгээр гэмт хэргийн гаралт эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-21 22:46:20

Дархан-Уул / MOНЦАМЭ / Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хурал болж насанд хүрээгүй иргэдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Энд аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч Ж.Баярчимэг, тус аймаг дахь Анхан шатны шүүхээс “Насанд хүрээгүй этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн байдал” сэдвээр сумын ГХУСАЗЗ-ийн гишүүн Д.Баярмаа нар тус тус мэдээлэл хийв.

Түүнчлэн Дархан сумын гуравдугаар баг, “Өргөө” багуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан мэдээллийг мөн сонсов.

Хуралдааны төсгөлд “Малын эрүүл мэнд”, “Хүнсний аюулгүй байдал” чиглэлээр Дархан сумын ЗДТГ-ын “Мал үржлийн тасгийн 2016 оны ажлын тайлан мэдээлэл”-ийг мэргэжилтэн Ө.Мэнджаргал танилцуулж хэлэлцүүллээ.

Зөвлөлийн гишүүд тавьсан мэдээлэлтэй холбогдуулж тодруулга асуулт хариулт өрнүүлж цаашид анхаарах асуудлаар зөвлөмж чиглэл өгч хамтарч ажиллахааар боллоо.

Тус сумын ИТХ-ын дарга бөгөөд сумын ГХУСАЗЗ-ийн дарга Ж.Балжинням: “Бид үүний өмнөх хурлаараа сумын хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг тодруулж ялангуяа насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогддог, хүнсний аюулгүй байдал зэрэг анхаарал татсан багуудын талаарх мэдээллийг хэлэлцэхээр болсны дагуу өнөөдөр сонсож хэлэлцлээ. Өнгөрсөн оны хувьд сумын хэмжээгээр гэмт хэргийн гаралт эрс буурсан үзүүлэлт гарсан. Гэвч бусдаас арай илүү анхаармаар газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах шаардлага байгаа учраас бид тухайн баг, хорооллын иргэдийн дунд хууль сурталчлах, эргүүл хийх зэргээр ажиллахаар боллоо” гэв.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ