МҮЭ ерөнхий зөвлөлийн 1X хурлаараа өнгөрсөн жилийн ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2017-03-06 14:49:05

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал өнөөдөр МҮЭСТО-нд боллоо. Энэ хурлаар МҮЭ-ийн холбооны өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, санхүүгийн гүйцэтгэл 2017 оны төсвийн асуудал хяналтын хорооны илтгэл мэдээллүүдийг хэлэлцэв.

Уг хурлыг улс орны эдийн засгийн нөхцөл, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал, цаашид авч явуулах арга хэмжээнүүдийг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүд болон хамтран ажилладаг 36 байгууллага оролцож байна.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар дараах мэдээллийг хүргэв.

ОУВ сантай хамтарч улс орны эдийн засгаа сэргээх, өр төлбөрөө яаж төлөх, өргөтгөсөн санхүүжилтийн нөхцлийг ямар байдлаар хүлээн авч хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг чухал шийдвэр гаргаж байгаа энэ үед МҮЭ-ийн Ерөнхий зөвлөлийн хурал болж байна. Иргэдийн цалин орлого нэмэгдэхгүй байна өдрөөс өдөрт ажилгүйдэл ядуурал гүнзгийрлээ. Ийм үед гадна дотны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх хатуу байр суурийг өнгөрсөн жилээс Засгийн газар, УИХ-д бид тавьсаар байна. Шинэ төслийг улсын мэргэжлийн газар хүргүүлж нэгдүгээр сарын 19-ний өдөр гурван талт хэлэлцээрээ байгуулсан. Энэ хэлэлцээрт тусгасан гол асуудал бол аливаа санхүүгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дор хаяж нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй  байх, 7-8 төрлийн татвар нэмэх асуудлыг ОУВС-гаас санал болгосон. Татвар нэмэх асуудал дээр хэлэлцээрийн хүрээд нийгмийн түншлэгч талууд зөвлөлдөх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхгүйгээр Засгийн газар төсвийн тодотголыг  бие дааж УИХ-д оруулж байгааг МҮЭ-ийн холбоо хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлэхгүй байна гэдэг өнцгөөс харж УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд, Засгийн газар эргэн харж иргэдийнхээ амьдрал,эдийн засгийн нөхцөл байдыг  харилцан уялдаатай авч үзсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэсэн хүлээлттэй байна.” гэлээ.

Энэ жилд Монголд үйлдвэрчний хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой, МҮЭ-ийн үндэсний төв байгуулагдсаны 90 жил, Монголын үйлдвэрчний 22 дугаар их хурал зэрэг давхар ой тохиож байна. Энэ хурлаар эдгээрийг хэрхэн тэмдэглэх талаар ярилцах бөгөөд мөн МҮЭ-ийн холбооны дүрмийг хэлэлцэнэ хэмээн Хэнтий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Оюун дурдав.

Р.Хишигжаргал

Холбоотой мэдээ