Завханы 120 төрийн албан хаагч ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-29 23:47:22

Завхан /МОНЦАМЭ/.Завханд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад 120 төрийн албан хаагч ажиллахаар гэрчилгээ авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт орон даяар явагдаж байна. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах ажээ.

Тус сургалт нь Завхан аймагт зохион байгуулагдаж сургалтанд 24 сумын нийт 120 төрийн албан хаагч хамрагдаж гэрчилгээ авчээ. Дашрамд улсын хэмжээнд Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд буй ажээ. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнууд нь зөвхөн сонгууль товлон зарласнаас хойш сонгогчийн санал авах ажиллагаа дуусталх хугацаанд ажилладаг, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангахад ихээхэн үүрэгтэй оролцдог тул сонгуулийн хороодын ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудал нэн тэргүүнд тавигддаг байна. Тиймээс улс даяар нэгдсэн сургалтууд болж байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ